Дөрвөн хүн тутмын гурав нь нэг удаагийн хуванцар эдлэлийг хориглох хэрэгтэй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-02-22 16:00:36

ЛОНДОН. /Reuters/. Дэлхийн хэмжээнд дөрвөн хүн тутмын гурав нь нэг удаагийн хуванцар эдлэлийг аль болох ойрын хугацаанд хориглох хэрэгтэй гэж үзэж байгааг мягмар гарагт танилцуулсан нэгэн санал асуулгын дүн харуулжээ.


Ийнхүү хориглохыг уриалж буй хүмүүсийн хувь хэмжээ 2019 онд 71 хувь байснаасаа хойш ийн өссөн бол хуванцар баглаа боодол багатай бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг хүмүүсийн хувь 75-аас 82-т хүрч өссөн байна.


Энэхүү санал асуулгад 28 орны 20 мянга гаруй хүн оролцжээ. Найробид энэ сарын эцсээр НҮБ-ын томоохон уулзалт эхлэх гэж буй үед танилцуулсан эдгээр үр дүн нь тодорхой дохиог илгээж байна гэж идэвхтнүүд үзэж байна.


“Дэлхий нийт үзэл бодлоо маш тодорхой илэрхийлж байна. Одоо Засгийн газруудад хуванцар бүтээгдэхүүний тухай дэлхийн хэлэлцээрийг батлах үүрэг хариуцлага, боломж ногдож байна... Ингэснээр бид хуванцрын бохирдлоос ангижрах боломжтой” гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн /WWF/ тэргүүн Марко Ламбертини ярьжээ.


Санал асуулгад оролцогчдын 90 хувь нь дээр дурдсан гэрээг батлахыг дэмжсэн ч ийм гэрээ нь хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулахад yy, эсвэл хуванцар эдлэлийн үйлдвэрлэл, хэрэглээг бууруулах гэх мэт илүү бодитой арга хэмжээ авахад түлхүү анхаарах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.


Байгаль хамгаалах сангаас энэ сард танилцуулсан судалгаанд дурдсанаар, хэрэв НҮБ хуванцрын хаягдлыг хязгаарлах гэрээний талаар тохиролцоонд хүрч чадахгүй бол ирэх хэдэн арван жилд экологийн хямрал нүүрлэж, далайн зарим амьтад устаж үгүй болох аюул учрах төлөвтэй байна.


Хэдийгээр аливаа гэрээг эцэслэн тохиролцоход наад зах нь хоёр жилийн хугацаа шаардлагатай байдаг ч Найробид хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-нд болох бага хурал нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт холбогдох салбарын мэргэжилтнүүд найдаж байна.


Нэг удаагийн хуванцар эдлэлийг хориглохыг хамгийн их дэмжсэн саналууд Колумби, Мексик, Энэтхэг зэрэг хог хаягдлын хямрал гүнзгий нүүрлээд байгаа орнуудаас иржээ. Мөн санал асуулгад оролцогчдын 85 хувь нь хуванцар сав баглаа боодлыг бууруулах, дахин хэрэглэх, дахин боловсруулах хариуцлагыг үйлдвэрлэгчид, жижиглэн худалдаа эрхлэгчид хүлээх ёстой гэж үзсэн нь өмнөх санал асуулгын дүнгээс таван хувиар өссөн үзүүлэлт болжээ. 

Related news