АРХАНГАЙ: Сургалтад оролцогчид 30 ширхэг улиас тарьжээ

ФОТО
gereltod@montsame.mn
2022-09-26 11:22:08

Архангай /МОНЦАМ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих чиглэлээр бэлтгэгдэж буй сургагч багшийн сургалт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Сургалтын хээрийн дадлага ажлын сургуулийг Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн газарт зохион байгуулав.  


Хээрийн сургуулиар мод үржүүлгийн газрын бүтэц, зохион байгуулалт, хөрс боловсруулалт, модлог ургамлын тарьц, суулгацыг ургуулах арга технологи, хүлэмж болон ил талбайгаас тарьц, суулгац ухаж авах, соортлох, хадгалах, тээвэрлэх ажлын талаар сургагч багш нар сургалтад оролцогчдод заавар зөвлөгөө өгчээ.


Сургалтад оролцогчид Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн газрын ил талбайд модожсон мөчрөөр тарьж ургуулсан 3 настай 30 ширхэг улиас, бургасны суулгацыг Цэцэрлэг хотын улсын чанартай авто замын дагуу шинээр байгуулсан Цэцэрлэгт хүрээлэнд тарьж суулгах дадлага сургууль хийжээ.

 

Мөн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдаж буй иргэд Архангай аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн ойжуулагчийн ангийн оюутнуудын дадлагын талбайтай танилцаж, ойжуулагчийн ангийн оюутнуудын дадлагын талбай, мод тарих, усалгаа хийх, арчилж хэлбэржүүлэхэд ашигладаг багаж, тоног төхөөрөмжүүдтэй танилцуулсан байна.


Мөн ойжуулагч мэргэжлийн онцлог, нийлэг хальсан хүлэмж болон ил талбайд навчит шилмүүст модыг үр, мөчрөөр тарьж ургуулах, зарим мод, сөөгийн үр түүж бэлтгэх талаар туршлага судалж, санал солилцжээ.

Сургагч багш бэлтгэх сургалт "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төсөл"-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.