“Эрдэнэс Монгол”: Цахимд шилжсэнээр ашигт ажиллагаа 30-40 хувиар нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2022-11-11 15:13:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчит компаниуд нийгэм, олон нийтэд нээлттэй, ил тод байх нэг арга зам нь үйл ажиллагаагаа цахимжуулах явдал. Ингэснээр хөрөнгө оруулалтын давхардал арилж, үргүй зардал гаргахгүй, үйл ажиллагаа шилэн болно. Төрийн өмчит компаниудыг нэгтгэдэг “Эрдэнэс Монгол” ХХК энэ ажлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Энэ талаар компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан өнөөдөр танилцууллаа.


Тэрбээр, “Эрдэнэс Монгол” нэгдлийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд ирэх гурван жилд шинэ систем, программ хангамж нэвтрүүлэх замаар цахим шилжилт хийх төлөвлөгөөг гаргаад байна. Нэгдлийн хэмжээнд цахим шилжилт нэвтрүүлснээр эрдэс баялагтай холбоотой хууль бус явдал бүрэн зогсож, ашигт үйл ажиллагаа 30-40 хувь нэмэгдэнэ. Мөн нэгдлийн хэмжээнд мэдээлэл солилцох хурд сайжирч, Засгийн газрыг мэдээллээр шуурхай хангаж бодитой шийдвэр гаргах ач холбогдолтой юм хэмээн мэдээллээ.


Тус компани цахим шилжилтийн талаарх зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтран өнөөдөр зохион байгуулсан юм. Байнгын хорооны дарга Э.Батшугар уул уурхайн салбарт цахим шилжилтийг үр дүнтэй, амжилттай нэвтрүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдлийн цахимжуулалт, мэдээллийн технологчдийн хувь нэмэр чухал юм гэдгийг онцлов.


Уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, УУХҮЯ-ны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв, Монголын программ үйлдвэрлэгчдийн холбоо (MOSA)-ны гүйцэтгэх захирал С.Сүхбаяр нар Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим засаглал, уул уурхайн салбарын цахим шилжилт болон энэ салбарт инноваци, шинэ технологи нэвтрүүлж буй ААН-үүдийн туршлагын талаар мэдээлэв.

Related news