Э.Макрон: Франц, АНУ сансарт үйл ажиллагаа явуулах "шинэ дүрэм"-ийг хамтран боловсруулахыг эрмэлзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-01 11:47:06

ВАШИНГТОН. /RT/. Франц улс АНУ-тай сансар огторгуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж найдаж байгаа бөгөөд Парис, Вашингтон "сөргөлдөөний шинэ талбар" болон хувирч буй дэлхий орчмын орон зайн "шинэ дүрэм"-ийг хамтран боловсруулахыг эрмэлзэж байна.


Ийм мэдэгдлийг АНУ-д төрийн айлчлал хийж буй Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон лхагва гарагт NASA-ийн төв байранд зочлох үеэрээ хийжээ.


Э.Макроны хэлснээр, АНУ, Франц нь "ардчилсан үнэт зүйлс"-ийг хуваалцдаг бөгөөд сансарт үйл ажиллагаа явуулах "шинэ дүрэм"-ийг хамтран боловсруулахыг эрмэлзэж байна.


“Өнгөрсөн арван жилд бид олон зүйлийг хамтдаа хийсэн. Тиймээс бид мөн олон шинэ зүйлийг хийж чадна гэж үзэж байна. Бидэнд олон хамтарсан төсөл бий” гэж тэрбээр хэлжээ. 


Францын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр лхагва гарагт АНУ-д хүрэлцэн очсон юм. Тэрбээр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын хамт NASA-ийн төв байранд зочилжээ. К.Харрисс жилийн өмнө Францад айлчилж байсан бөгөөд энэ үеэр талууд “сансар судлалын хамтын ажиллагаа болон сансар огторгуйн асуудлаар илүү өргөн хүрээнд стратегийн яриа хэлцээгээ бэхжүүлэхээр тохиролцсон юм". 


Related news