Дэлхий дахинд 2022 онд нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлүүд

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-12-26 16:08:50

АНКАРА. /Anadolu/. Энэ онд дэлхийн олон улс оронд байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэсний улмаас олон мянган хүн амь насаа алдаж, их хэмжээний санхүүгийн хохирол амслаа.  


Тухайлбал, Бразилд хүчтэй аадар бороо орсноос үүдэн үерийн гамшиг нүүрлэсний улмаас 232 хүн амиа алдсан бол Афганистаны зүүн нутгийн Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 1000 орчим хүн амь насаа алджээ.


Мөн Пакистанд олон сарын турш нүүрлэсэн үерийн гамшиг 1793 хүн амь насыг авч одсоноос гадна 13 мянган хүн гэмтэж бэртсэн байна.


Нэгдүгээр сарын 15. Усан доор орших галт уул дэлбэрч, цунамийн аюул нүүрлэсний улмаас Номхон далайн арлын Тонга улсад зургаан хүн амиа алджээ. Галт уулын дэлбэрэлтийн улмаас Япон, Австралид цунамийн түгшүүр зарлаж, Перу 80 боомтоо хаахад хүрсэн байна.


Нэгдүгээр сарын 30. АНУ-ын Атлантын далайн эргийн дагуух төв, зүүн хойд нутгийн муж улсуудад цасан шуурганы улмаас 100 мянга гаруй хэрэглэгчийн гэрэл цахилгаан тасалджээ.


Хоёрдугаар сарын 2. Эквадорт хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн гамшиг нүүрлэж, 23 хүн амиа алдаж, 47 хүн гэмтэж бэртсэн байна.


Хоёрдугаар сарын 3. АНУ-ын төвийн нутгийн цасан шуурганы улмаас 4000 гаруй нислэг цуцлагдаж, 100 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалджээ.


Хоёрдугаар сарын 8. Сомалийн хойгийн орнуудад 1981 оноос хойш үзэгдээгүй ган гачиг нүүрлэсэн талаар Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс мэдээлээд, ойролцоогоор 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюулд байгааг сэрэмжлүүллээ.


Хоёрдугаар сарын 11. Сицили арал дээр орших Этна идэвхтэй галт уул үнс нурам цацжээ.


Хоёрдугаар сарын 16. Бразилын Рио-де-Жанейро муж хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшигт нэрвэгдэж, улмаар 230 хүн амиа алджээ.


Хоёрдугаар сарын 19. Аргентины зүүн хойд нутгийн Корриентес мужид нэгдүгээр сарын дунд үеэс хойш дэгдсэн ойн түймрийн улмаас 785 мянган га талбай сүйджээ. Үүний зэрэгцээ Германд “Зейнеп” хар салхины улмаас гурван хүн амиа алдсан байна.


Гуравдугаар сарын 8. Австралийн Сидней хотод гуравдугаар сарын эхэн үеэс үерийн гамшиг нүүрлэсний улмаас 20 орчим хүн амиа алджээ.


Гуравдугаар сарын 16. Японы зүүн хойд нутгийн Тохокү бүсэд 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас гурван хүн амиа алджээ.


Дөрөвдүгээр сарын 11. Филиппинийг “Меги” хар салхи дайран өнгөрснөөс үүдэн үерийн гамшиг нүүрлэж, хөрсний гулгалт үүссэний улмаас 56 хүн амиа алджээ.


Тавдугаар сарын 1. Иракийн хойд нутгийн Салах аль-Дин мужид элсэн шуургад 215 хүн нэрвэгджээ.


Тавдугаар сарын 3. Энэтхэгийн Махараштра мужид сүүлийн зургаан жилд үзэгдээгүйгээр хэт халсны улмаас 25 хүн амиа алджээ. Агаарын температур цельсийн 46 хэмд хүрсэн байна.


Тавдугаар сарын 16. Элсэн шуурганы улмаас 2000 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар Иракийн Засгийн газар мэдээлжээ.


Тавдугаар сарын 21. Энэтхэг, Бангладешт хүчтэй борооны улмаас үерийн гамшиг нүүрлэн хөлсний гулгалт үүсэж, 57 хүн амиа алджээ.


Тавдугаар сарын 29. Бразилын Пернамбуку мужид үер, хөрсний гулгалтын улмаас 130 орчим хүн амиа алдсан байна.


Зургаадугаар сарын 14. Пакистан үерийн гамшигт таван сарын турш нэрвэгдсэний улмаас 1700 гаруй хүн амиа алдаж, 13 мянган хүн гэмтэж бэртжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлийн улмаас 2 сая гаруй байшин барилга эвдэрч сүйдсэн байна. Дэлхийн нүүрстөрөгчийн хийн ялгарлын ердөө 0.8 хувийг эзэлдэг Пакистанд 30 тэрбум гаруй ам.долларын хохирол учирчээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас 10 сая орчим хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. 


Зургаадугаар сарын 15. Колумбид гуравдугаар сарын эхэн үеэс аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэний улмаас 80 хүн амиа алдаж, 10 хүн сураггүй болжээ. Испанид агаарын температур цельсийн 44 хэмд хүрсэн нь сүүлийн 20 жилийн хугацаанд зургаадугаар сард бүртгэгдээгүй өндөр хэм болжээ.


Зургаадугаар сарын 21. Энэтхэгийн Ассам, Мегхалая, Аруначал-Прадеш мужид үер, хөрсний гулгалтын улмаас 130 орчим хүн амиа алджээ.


Зургаадугаар сарын 22. Афганистаны Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 1000 орчим хүн амиа алдсан байна.


Зургаадугаар сарын 23. Энэтхэгийн Ассам мужид үерийн улмаас амиа алдсан хүний тоо 100 давжээ.


Зургаадугаар сарын 25. Бангладешт хүчтэй аадар бороо орсны улмаас 73 хүн амиа алджээ.


Долоодугаар сарын 6. Японд хэт халсны улмаас 15650 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.


Долоодугаар сарын 20. Испанид 10 өдрийн турш хэт халсны улмаас 678 хүн амиа алдсан бол хөрш залгаа Португал улсад 1065 хүн амь насаа алджээ.


Долоодугаар сарын 28. Энэ он гарсаар ЕХ-ны орнуудад дэгдсэн ойн түймрийн тоо тус холбооны сүүлийн 15 жилийн мөн хугацааны дунджаас ойролцоогоор дөрөв дахин ихэссэн байна.


Наймдугаар сарын 11. Францад оны эхэн үеэс дэгдсэн ойн түймрийн улмаас 57 600 га талбай сүйдсэн байна.


Наймдугаар сарын 12. Английн хамгийн чухал усны эх үүсвэрүүдийн нэг болох Эйвон голын олон хэсэг ширгэжээ.


Наймдугаар сарын 15. Афганистаны Кабул мужийн Карте-Парван бүсэд хүчтэй аадар борооноос үүдэлтэй үерийн гамшгийн улмаас 31 хүн амиа алджээ.


Наймдугаар сарын 21. Суданд үерийн гамшгийн улмаас 79 хүн амиа алдсантай холбогдуулан онцгой байдал зарлалаа.


Наймдугаар сарын 22. Швейцарын Альпийн нурууны мөсөн голын хайлах явц уур амьсгалын өөрчлөлтийн улмаас сүүлийн жилүүдэд түргэсэж, 1931 оноос хойш тэн хагас нь хайлжээ.


Наймдугаар сарын 23. Европт сүүлийн 500 жилд үзэгдээгүй хамгийн их хуурайшилттай жил тохиож байгаа талаар ЕХ-ны Хамтарсан судалгааны төвийн мэргэжилтнүүд мэдээлжээ.


Наймдугаар сарын 25. Афганистаны олон мужид үерийн гамшгийн улмаас 182 хүн амиа алдсан байна.


Есдүгээр сарын 3. Энэ зун Францад хэт халсны улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн 19 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.


Есдүгээр сарын 24. “Фиона” хар салхи дайран өнгөрсний улмаас Пуэрто-Рикод 588 мянган хэрэглэгч таван хоногийн турш гэрэл цахилгаангүй байжээ.


Есдүгээр сарын 28. “Иан” хар салхины улмаас Кубад цахилгаан хангамж тасалдсанаас гадна АНУ-ын Флорида муж улсад 2.5 сая оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гаргажээ. Мөн Филиппинд “Налгае” шуурганаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 155 хүн амиа алдсан байна.


10 дугаар сарын 10. Венесуэлийн Арагуа мужид хүчтэй аадар орсноос үүдэн хөрсний гулгалт үүссэний улмаас 25 хүн амиа алдаж, 52 хүн сураггүй болжээ. Энэтхэгийн хойд нутгаар хүчтэй бороо орсны улмаас 20 гаруй хүн амиа алдсан байна.


10 дугаар сарын 25. Бангладешт “Ситранг” шуурганы улмаас эргийн дагуу амьдардаг олон зуун мянган хүмүүст нүүлгэн шилжүүлэх зөвлөмж хүргүүлжээ. Шуурга 31 хүний амь насыг авч оджээ.


10 дугаар сарын 28. Филиппинд энэ онд нүүрлэсэн 16 дахь шуурга болох “Налгае” шуурганы улмаас 50 хүн амиа алдсан байна.


11 дүгээр сарын 21. Индонезийн Баруун Ява мужид 5.6 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 320 гаруй хүн амиа алджээ.


12 дугаар сарын 5. Колумбид хурдны зам дээр хөрсний гулгалт үүссэний улмаас 27 хүн амиа алдсан байна.


12 дугаар сарын 13. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын нийслэл Киншаса хотод хүчтэй аадар бороо орнсоос үүдэн үерийн гамшиг нүүрлэсний улмаас 100 орчим хүн амиа алджээ. 

Related news