ГОВЬ-АЛТАЙ: "Гэгээн нуурын мөнгөн өвөл 2023" мөсний баярт 1000 гаруй хүн зочиллоо

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2023-01-24 09:59:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Гэгээн нуурын мөнгөн өвөл 2023" мөсний баярын үйл ажиллагаанд 1000 гаруй иргэн оролцлоо.


Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, сурталчлан таниулах, үндэсний өв соёл болох үндэсний сурын харвааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор  “Гэгээн нуурын мөнгөн өвөл 2023” үйл ажиллагааг энэ сарын 21-нд зохион байгууллаа. 

Мөсний баярт тус аймгийн 20 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 1000 гаруй хүн хамрагдаж нэг өдрийг эрүүл агаарт өнгөрүүлсэн тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Энэ үеэр байгууллага хамт олны хурд хүч, авхаалж самбаа, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхээр зургаан төрлийн тэмцээн зохион байгуулсан аж. Үндэсний сур харваа, мөсний шагай, олс таталт, тэшүүр, үндэсний хувцастай хос шалгаруулах тэмцээн, хээрийн цайны амталгаа гэх мэт тэмцээнд нийлбэр дүнгээр Цагдаагийн газрын баг хамт олон түрүүлсэн юм.


Говь-Алтай аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Байгаль орчин, аялал, жуулчлалын газар, “Тайшир Гуулин” УЦС, Тайшир сумын ЗДТГ хамтран зохион байгуулав.