Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар хувийн сан хөмрөгөө Үндэсний төв архивт хадгалууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-17 15:53:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ, найруулагч Н.Наранбаатарын 1987-2022 оны 76 нэрийн 1211 хадгаламжийн нэгж бүхий гэрэл зураг, дүрс бичлэгийн баримтыг Үндэсний төв архив сан хөмрөгтөө хүлээн авлаа.

 

Найруулагч Н.Наранбаатар хүүхэд ахуй цагаасаа тайз дэлгэцийн 100 гаруй бүтээлд гол болон туслах дүр бүтээж, театрын тайзнаа түүхэн, инээдмийн, уянгын, эмгэнэлт 40 орчим жүжиг найруулсан юм. Тэдгээрээс дурдвал, “Шөнө амталсан нулимс”, ”Парисын Дарь эхийн сүм”, ”Гамлет”, ”Тэнгэрийн хүү” зэрэг драмын жүжиг, 2016, 2017, 2018, 2022 оны Үндэсний их баяр наадмыг найруулан үзэгч түмэндээ хүргэсэн.

Эдгээр урлагийн бүтээлүүдтэй холбогдох бичлэг, гэрэл зураг, эх зохиолын бичвэр, найруулагчийн зохиол, жүжигчдийн хувцас хэрэгслийн эскиз, тайзны загвар зэрэг баримтуудыг онцлон хувийн хөмрөгтөө багтаан хүлээлгэн өглөө.

 

Хувийн сан хөмрөг хүлээн авах ёслолыг Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар нээж, Ардын багш, доктор, профессор, УГЗ, УДЭТ-ын уран сайхны удирдагч Н.Ганхуяг, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

 

Мөн МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэг, "Никитон" хамтлагийг үүсгэн байгуулагч, УГЗ Б.Батчулуун, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, "Увертюра" хамтлаг тэргүүтэй урлаг соёлын одод ая дуу өргөж, 100 гаруй зочид төлөөлөгч оролцов. 








Related news