Казах түмний “Наурызын баяр”

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2023-03-22 08:04:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын харьяат казах угсаатнуудын тоон мэдээллийг 2023 оны 3 дугаар сарын байдлаар Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ бэлтгэж нийтэд мэдээлжээ. Монгол Улсын хүн амын 4 хувийг казахууд эзэлж байна. Тухайн угсаатны 50.1 хувь нь эмэгтэй, 49.9 хувь нь эрэгтэй байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд Баян-Өлгий аймгийн хүн амын 77 хувь, Ховд аймгийн хүн амын 8.5 хувь, Улаанбаатар хотын хүн амын 9 хувь, Дархан-Уул аймгийн хүн амын 2.2 хувийг тэд эзэлдэг. Казах түмний Наурызын баяр"-ын өдөр өнөөдөр тохиож байна.


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон 2010 онд баталжээ. Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар 3 дугаар сарын 22-ны өдөр тохиодог. Энэ өдөр өдөр, шөнө хоёр тэнцэнэ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурызын баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д Азербайжан, Энэтхэг, Иран, Киргизстан, Узбекистан, Пакистан, Турк Улсын санаачилгаар 2009 онд бүртгэж авсан байна.  Тэдэн дээр Афганистан, Казахстан, Ирак, Тажикистан, Туркменистан улс 2016 онд нэмэгджээ.


Наурыз нь Перс гаралтай үг. Нау-шинэ, Руз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн үг ажээ. Анх МЭ II зууны үед энэ үг тэмдэглэгдэн үлджээ. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 400 сая гаруй хүн “Наурызын баяр”-ыг тэмдэглэдэг. Наурыз бол шашны бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр. Наурыз шөл нь энэ   баярын хамгийн чухал идээ ундаанд орно. 


Шөлийг ус, мах, гурил, давс, будаа, өөх, сүү зэргээр хийдэг бөгөөд долоогоос доошгүй идээний дээж ордог онцлогтой. Будаатай шөл хийдгийн учир нь өсөж олуулаа болохыг бэлгэднэ. Наурыз шөлийг том тогоонд хийж олуулаа иддэг ёстой. Учир нь нэг тогооноос хоол идсэн хүмүүс эвтэй найртай байж найзалж нөхөрлөхийг бэлгэдсэн заншил юм байна. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Казахууд нарыг шүтдэг. Харин  гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг Нарны баяр ч гэж нэрлэх нь бий. Энэ баярын онцлог нь:

  • Наурызын баярын өглөө эрчүүд нь гараа барилцан, цээжээ хүргэж мэндлэн золгодог бол эмэгтэйчүүд тэврэлдэнэ. 
  • Баярын өдөр болохоос өмнө эмэгтэйчүүд гэр орноо сайтар цэвэрлэдэг нь Цагаан сартай төстэй. Учир нь шинэ жилээ цэвэр цэмцгэр угтвал тэр жилдээ эрүүл саруул байхыг бэлгэддэг. 
  • Наурызын баяраар архи хэрэглэдэггүй. Учир нь исламын шашинд архи дарсыг цээрлэдэг бөгөөд бусад идээ будааны дэргэд байж болдоггүй гэж үздэг. 
  • Казахууд 3 дугаар сарын 21-ний шөнийг “Кызырын шөнө” гэдэг. Учир нь өндөр настан Кызыр өвөө гэгдэх аз жаргалын элч айлуудаар хэсэж аз жаргал, буян хишгээ хайрладаг гэж үзнэ.

Урианхайн томоохон ноёд казахуудад газрыг түрээсээр олгон хариуд нь таван хошуу мал алт эрдэнэс, ангийн үс, түлээ түлш авдаг байжээ. Манжийн харьяанд казахууд 1911 он хүртэл байсан. Харин 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа автономит Монгол улсын харьяанд Богдын зарлигаар оржээ. Ардын хувьсгал ялсны дараа 1921 онд  казахууд газар нутаг, малын бэлчээрийг Урианхай иргэдийн нэгэн адил эрх тэгш ашиглах болсон байна.


Монгол Улсын Засгийн газар, МАХН-ын Төв хороо 1930 онд казахуудад газар нутаг олгох тухай тогтоол гаргажээ. Уг тогтоол ёсоор урд тал нь улсын хил, зүүн ба хойт талаар Дэлүүн, Хонгор өлөн, Хатуу, Өлгий, Орогтоос урагших газрыг Урианхайтай хамтран эзэмших тэгш эрх олгожээ. Төрөөс казахуудын талаар зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Тэднийг сургууль эмнэлэг дэлгүүр хоршоотой болгожээ.  


Чандмань уул аймагт казахууд 1931 оноос харьяалагдсан бөгөөд 1940 онд бие даасан Баян-Өлгий аймагтай болжээ. Монголд Наурызын баяр тэмдэглэхийг 1926 оноос хориглосон байдаг. Харин 1990 оноос эхлэн уламжлалт баярыг сэргээн тэмдэглэх болжээ.


Related news