“Apple” чип үйлдвэрлэгч дотоодын компанитай томоохон гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-05-26 15:31:49

КУПЕРТИНО. /BBC/. АНУ-ын “Apple” компани төхөөрөмжүүддээ дотооддоо үйлдвэрлэсэн эд ангиудыг түлхүү ашиглах зорилгоор бичил чип үйлдвэрлэгч “Broadcom” компанитай олон тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ.


Урт хугацаагаар байгуулсан уг гэрээний хүрээнд хоёр компани хамтран Америкт “5G” сүлжээний төхөөрөмжүүдийн бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэнэ. Энэхүү гэрээ нь АНУ-ын эдийн засагт 430 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах “Apple”-ийн төлөвлөгөөний нэг хэсэг юм. Уг төлөвлөгөөгөө тус компани 2021 онд танилцуулсан. 


Дотооддоо үйлдвэрлэсэн бичил чип рүү шилжих шийдвэрийг өндөр технологийн салбарт Бээжин, Вашингтоны хооронд өрнөж буй худалдааны дайн ширүүсэж байгаа үед гаргаж байна.  


Удаан үргэлжилж буй энэ сөргөлдөөний явцад АНУ-ын эрх баригчид Хятадын бичил чипийн үйлдвэрлэлд хэд хэдэн хязгаарлалт тавьж, хагас дамжуулагчийн салбараа хөгжүүлэхэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм. Бээжин ч мөн мөчөөгөө өгөөгүй бөгөөд Америкийн “Micron Technology” компанийн бүтээгдэхүүнүүд үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж энэ долоо хоногийн мэдэгдсэн. 


Сүүлийн саруудад Бүгд найрамдах болон Ардчилсан намын аль алиных нь хууль тогтоогчид Америкийн технологийн аварга компаниудад шахалт үзүүлэх нь улам нэмэгджээ. Тэд Америкийн компаниудыг Хятадын үйлдвэрлэгчид болон эд ангиудаас хэт хамааралтай болсон гэж үзэж байгаа аж.


Үүнтэй холбоотойгоор “Apple” ханган нийлүүлэгчдийнхээ сүлжээг аажмаар өөрчилж байгаа бөгөөд тус компанийн төхөөрөмжүүдийг Хятадаас гадуур, ялангуяа Энэтхэг, Вьетнамд үйлдвэрлэж байна. 


“Apple” компани мөн Тайванийн "TSMC" компаниас Аризона дахь үйлдвэрт нь үйлдвэрлэсэн хагас дамжуулагчийг худалдаж авахаар болсноо өнгөрсөн онд мэдэгдсэн юм. 


Түүнчлэн Хятадаас үйлдвэрлэлээ гаргах шинэ стратегийнхаа хүрээнд “iPhone 14” ухаалаг гар утсаа Энэтхэгт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа зарласан. 


Энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэгийн Дели, Мумбай хотуудад “Apple” ухаалаг гар утасны жижиглэн худалдааны анхны дэлгүүрүүд нээгдсэн билээ. 


Related news