Германы инфляц тавдугаар сард буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-06-01 11:05:18

БЕРЛИН./DW/. Германд шатахууны үнэ буурч, нийтийн тээврээр зорчих нэгдсэн тасалбар нэвтрүүлсэнтэй холбоотойгоор инфляц тавдугаар сард буурч, өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрчээ.


Тус улсын Статистикийн газраас мэдээлснээр, тавдугаар сард хэрэглээний үнэ жилийн дунджаар 6.1 хувиар өссөн байна. 


Дөрөвдүгээр сард инфляц 7.2 хувьтай байжээ. Судлаачдын үзэж байгаагаар, инфляц буурахад эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ онцгой нөлөөлсөн байна. Эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ  дунджаар ердөө 2.6 хувиар (дөрөвдүгээр сард  6.8 хувь) өссөн бөгөөд Холбооны улсын олон мужид шатахуун түгээх станцуудын түлшний үнэ буурсан үзүүлэлттэй байна.


Мөн тавдугаар сард нийтийн тээврийн бүх хэрэгслээр зорчих 49 еврогийн үнэтэй нэгдсэн тасалбарыг нэвтрүүлсэн нь  эерэг нөлөө үзүүлсэн бөгөөд энэ нь Германы арав орчим сая иргэдийн тээврийн зардлыг бууруулжээ.


Германы Засгийн газар тавдугаар сард  инфляц буурсан үзүүлэлттэй гарсныг нааштай эерэг хандлага гэж үзэж байна. Тус улын Эдийн засгийн яамны төлөөлөгч “Инфляцын хөшүүргүүд, ялангуяа эрчим хүчний үнэ дахин суларлаа” гэж онцлон тэмдэглэжээ.

Related news