"Хурд" гэх үгний үсгээс бүрдсэн дөрвөн пянз гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-02 16:57:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хурд” хамтлагийн 30 жилийн ойн тоглолтыг зургаадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж, бүх цаг үеийн хит дуунуудаа толилуулна.


Тоглолтод “On`n Off” продакшны продюсер, найруулагч МУГЗ С.Ононбат, Герман, Францын мэргэжлийн дууны алдарт инженерүүд ажиллах юм. "Хурд" хамтлаг тоглолтдоо зориулж “Хурд” хэмээх шар айраг гаргаж байгаа. Энэ нь соёл урлагийн салбарт анх удаа рок хамтлагаар нэрлэсэн шар айраг гаргаснаараа онцлог болохыг хамтлагийнхан өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа. Ойдоо зориулж цамц, подволк, аяга, даавуун цүнх гэх мэт бэлэг дурсгалын зүйлс цөөнгүй хийж, хамтлагийнхаа ховор цомгийг цөөн тоогоор хэвлэснээс гадна “Хурд” гэх үгний дөрвөн үсэгнээс бүрдсэн дөрвөн ширхэг пянз гаргажээ.


Үүний дараа зургаа, долоо, найм, есдүгээр сард хөдөө орон нутгийн аялан тоглолтоо эхлүүлж, дэлхийн стандартад нийцсэн “Чи минь байгаа болохоор” музиклээ ирэх намар тавих юм. Түүнчлэн хамтлагийнхаа “Бүсгүй” хэмээх дууны нэрээр уран сайхны кино ирэх гурван сард бүтээхээр төлөвлөөд байна. 


“Хурд” хамтлаг олон жилийн турш байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах талаар дуулж ирсэнтэй холбогдуулан “Эрүүл ойн төлөө” уриа гаргажээ. 

А.Мичидмаа

Related news