Япон, Бразилын компаниуд нисдэг автомашины хөдөлгүүрийн үйлдвэр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-06-19 13:32:03

ТОКИО. /Nikkei/. Японы Киото хотод төвтэй “Nidec”, Бразилын нисэх онгоц үйлдвэрлэгч “Embraer” компаниуд нисдэг цахилгаан автомашины хөдөлгүүр үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулахаар болсноо мэдэгджээ. 


Энэ тухай “Nidec” компанийн цахим хуудсанд ням гарагт мэдээлсэн байна. 


"Nidec Aerospace" гэж нэрлэх хамтарсан үйлдвэр АНУ-ын Миссури муж улсын Сент-Луис хотод төвтэй байх бөгөөд үйлдвэрлэл нь Бразил, Мексик дэх тус хоёр компанийн үйлдвэрүүдэд явагдана. Шинэ үйлдвэрээс гарах бүтээгдэхүүний анхны үйлчлүүлэгч нь 2026 онд нисдэг цахилгаан автомашины арилжааны үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж буй Бразилын "Eva Air Mobility" компани байх аж. 


Японы Nikkei сонинд мэдээлснээр, хамтарсан үйлдвэрийн хувьцааны 51 хувийг “Nidec”,  49 хувийг "Embraer" компани эзэмших төлөвтэй байна. Хяналтын байгууллагууд холбогдох шалгалтыг хийсний дараа гэрээг 2023 оны хоёрдугаар хагаст албан ёсоор байгуулна.

Related news