“Дойче Банк”-наас 14 тэрбум доллар өгөхийг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-09-16 11:15:39

ВАШИНГТОН. /BBC/. Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор явуулж буй мөрдөн шалгалтыг зогсооно гэсэн болзолтойгоор АНУ-ын Хуульзүйн яам “Дойче Банк”-наас 14 тэрбум доллар өгөхийг хүсчээ. 

Харин “Дойче Банк” иргэний нэхэмжлэлүүдийг 14 тэрбум доллароор шийдвэрлэх бодолгүй байгаа ажээ. Хэдэн сарын турш хэлэлцэж буй “Дойче Банк”-ны эсрэг нэхэмжлэлүүд нь хөрөнгө оруулагчдын хувьд хүлээлт үүсгээд байгаа юм.  

Пүрэв гарагт хөрөнгийн биржид арилжаа дуусах үед тус банкны хувьцаа 1.6 хувиар буураад байлаа.

“Яриа хэлэлцээр дөнгөж эхэлж байна. Манай банк нь бага хэмжээний төлбөрөөр иймэрхүү асуудлуудыг шийдвэрлэж чадсан томоохон банкуудын адил үр дүнтэй тохиролцоо хийж чадна гэдэгт итгэлтэй байна” гэж “Дойче Банк” мэдэгджээ.

Ипотекийн чанаргүй зээлтэй холбоотой үнэт цаасыг борлуулсан нь 2008 оны санхүүгийн хямрал дэгдэх гол шалтгаан болсон билээ. Найдваргүй зээлдэгчдэд моргейжийн зээл өгч, зээлийн төлбөр болон хүүг хөрөнгө оруулалт болгон багцалж, эрсдэлээ бусдад тохсон гэх үндэслэлээр АНУ-ын хэд хэдэн банкуудыг шалгаж байгаа юм.

Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг журам зөрчин худалдсан гэгдэж буй хэд хэдэн банкууд АНУ-ын эрх баригчидтай тохиролцоонд хүрээд байна.

“Morgan Stanley”, “Credit Suisse”, “HSBC”, “UBS” зэрэг банкууд бүгд нөхөн төлбөр төлжээ. “Goldman Sachs” л гэхэд энэ оны 1 дүгээр сард 5.1 тэрбум доллар төлснөөр асуудлыг цэглэсэн байна.

Х.Сарнай

 

 

 

 

Related news