150 сая жилийн настай үлэг гүрвэлийн мөр Энэтхэгт олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2016-09-16 12:01:38

ШИНЭ ДЕЛИ. /Prensa Latina/. Энэтхэгийн эрдэмтдийн баг 150 сая жилийн настай “Eubrontes Gleneronsensis Theropod” гэдэг үлэг гүрвэлийн мөрийг тус улсын баруун хойд хэсгийн Ражастан мужийн Жайсалмер хотод олсон тухай “The Times of India” мэдээлжээ.

Тус мужийн хоёрдахь том хот Жодпурын "Жайнараяан Ивас" их сургуулийн багш нар болох Вирендра Синк Парихар, Суреш Чандра Матур, Шанкар Лал Нама нар уг мөрийг олсон байна.

Далайн эрэг хавиар амьдардаг байсан хэвлийгээр явагч аварга биет махчин амьтны биеийн өндөр нь 1-3 м байжээ. Хэдийгээр “Eubrontes Theropod” үлэг гүрвэлийн чулуужсан яснууд дэлхийн янз бүрийн газарт олддог боловч Энэтхэгийн хойгт ийм мөр олдож буй анхны тохиолдол нь энэ юм.

Хэлбэрийн хувьд уг мөр нь 30 см урт, гурван хуруутай бөгөөд хуруунууд нь маш өргөн байсан гэж эрдэмтэн багш В.С.Парихар ярьжээ.

Үлэг гүрвэлийн биеийн өндөр нь 1-3 орчим м,  урт нь 5-7 м байсан аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Катрол Кутч, Байсахи Жайсалмер зэрэг газруудад үлэг гүрвэлийн олдвор олон байх магадлалтай гэнэ.

Х.Сарнай 

Related news