France24: Пап Францис Монголд анх удаа айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-01 18:17:54

ВАТИКАН. /France24/. Пап Францис дэлхийн католик шашинтнуудын хамгийн цөөн тоотой бөгөөд хамгийн шинэ нийгэмлэгт  урам зориг өгөхөөр баасан гаргийн өглөө Монгол Улсад айлчлан ирлээ.


Тэрбээр далайд гарцгүй Азийн энэ улсад түүхэндээ анх удаагаа айлчилж байгаа бөгөөд Монголын хоёр хүчирхэг хөрш Орос, Хятадтай харилцах Ватиканы харилцаа дахин хурцдаад буй үед ирж байна.


Пап Франсис Хятадын агаарын орон зайгаар дамжин өнгөрч Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн нь Ши Жиньпин даргад мэндчилгээ дэвшүүлэх ховорхон боломжийг олгожээ. Ватиканы протоколд Пап харь орны дээгүүр нисэх бүрдээ мэндчилгээ илгээхийг уриалдаг байна.


Тэрбээр Ши Жиньпинд илгээсэн илгээлтдээ “Эрхэмсэг ноён танд болон Хятадын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Танай үндэстний сайн сайхны төлөө залбирч буйгаа батлахын сацуу эв нэгдэл, энх тайвныг адислаж байна” хэмээжээ.


Тэрбээр пүрэв гаргийн орой Монголыг зорих замдаа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хүн ам цөөтэй хэдий ч ойлгохын тулд мэдрэмж хэрэгтэй энэхүү улсад зочлохыг тэсэн ядан хүлээж байна хэмээн ярьжээ.


Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай албан ёсны уулзалт хийж, Монголын Засгийн газар, соёл урлаг, бизнесийн салбарын манлайлагчдын өмнө үг хэлнэ. Түүний дараа 1450 гишүүнтэй католик шашны цомхон нийгэмлэгийн тулгуур багана болж буй хамба, санваартан, гэлэнмаа нартай уулзах ажээ.


Эх сурвалж: Pope visits Mongolia for first time amid strained relations with China, Russia (france24.com)

Related news