CNN: 1500 католик шашинтантай уулзахын тулд Пап 10 цаг нисэж иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-03 12:37:47

ВАШИНГТОН. /CNN/. Найман мянган км замыг туулан Монголд хүрэлцэн ирсэн Пап Францисын айлчлал бямба гарагт албан ёсоор эхэллээ. Монгол бол Орос, Хятадын дунд оршдог, цөөн тооны католик шашинтантай улс юм. 


Пап Францисыг угтан авах албан ёсны ёслолын үеэр түүнийг харахаар Монголын болон бусад орны католик шашинтнууд нийслэл Улаанбаатар хотын төв талбайд цугларсан байсны дунд Хятадын төрийн далбааг намируулсан хүмүүс ч мөн харагдаж байлаа.


Ердөө 1500 орчим католик шашинтай улсад хийж буй энэхүү айлчлал нь Папын хилийн чанадад хийдэг бусад айлчлал шиг сүр дуулиантай болсонгүй, хүмүүс олноор цугларсангүй. Түүнийг наймдугаар сард Португалд айлчлах үед болсон нэгэн арга хэмжээнд 1.5 сая хүн оролцсон байна.


Айлчлалын үеэр авсан гэрэл зургуудад 100 орчим хүн цугларсан нь харагдаж байсан бөгөөд Папыг гадаадын бусад оронд хийдэг айлчлалтай харьцуулахад хамгаалалт төдийлөн хатуу чанга биш байв.


Хятадаас ирсэн Ян Гуан “Reuters” агентлагийн сэтгүүлчтэй ярилцахдаа “Түүнийг анх удаа харж байгаа болохоор маш их баяртай байна. Ийм боломж надад байнга тохиохгүй шүү дээ. Би маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.


Өдгөө 86 насыг зооглож буй, ядрангуй харагдах Пап Францис 10 цаг үргэлжилсэн нислэгээр баасан гарагт Монголд ирсэн юм. Тэрбээр Засгийн газрын урилгаар хүрэлцэн ирсэн бөгөөд эхний өдрийг амарч өнгөрүүлсэн байна.



Энэхүү албан ёсны айлчлал нь Монголын хоёр хүчирхэг хөрштэй тогтоосон Ватиканы харилцаанд хүндрэл үүсээд буй үед болж байгаа юм. Монголтой 4600 км газраар хиллэдэг Хятад улсыг 2018 онд Ватикантай байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж буруутгаж байгаа аж. Гэрээний дагуу харилцан зөвшилцөж дэмжсэн католик шашны хамба лам нарыг Хятадад томилон ажиллуулахыг дэмжин баталсан байв. Гэрээ байгуулахаас өмнө Ватиканаас эсвэл Хятадын эх оронч католик шашны нийгэмлэгээс томилогдсон хамба нарыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрдөггүй байжээ. Хятад бол албан ёсоор шашингүйн улс боловч тус улсад шашны зан үйлийг хуулиар зөвшөөрсөн ба засгийн газрын хатуу хяналт тогтоосон байдаг.


Ватикан ба Москвагийн харилцааны хувьд,  Орос улс Украин руу түрэмгийлэн довтолсны улмаас мууджээ. Пап лам энэ дайнтай холбоотой үг хэлснийхээ төлөө Украины шүүмжлэлд өртөж байв. Хамгийн сүүлд гэхэд, тэрбээр Оросын залуу католик шашинтнуудад хандан, өөрсдийгөө Оросын эзэнт гүрний үргэлжлэл гэж үзэхийг уриалсны дараа түүнийг “империалист суртал ухуулга” хийсэн гэж Украины эрх баригчид буруутгасан байна.


Бямба гарагт Улаанбаатараас хэлсэн үгэндээ Пап “Сүмийн сайн мэдээг түгээх ажлаас засгийн газрууд болон иргэний байгууллагуудад айх зүйл үгүй” хэмээжээ. Тэрбээр аль нэг улс орныг дурдахгүйгээр цааш нь үргэлжлүүлэн хэлэхдээ, Сүмд “байр сууриа ахиулах гэсэн улс төрийн зорилго байхгүй, харин Бурханы нигүүлслийн хүч хийгээд бүхний сайн сайхны төлөөх нигүүлсэл, үнэний захиасаар тэжээгдэн тэтгэгддэггэжээ. Пап Францис мөн “дайны хар үүлсийг сарниан алга болгохыг удирдагчдад уриалжээ.



Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх цугласан олонд хандан, Монгол Улс олон талт яриа хэлэлцээг чухалчилж, олон улс, бүс нутгийн аюулгүй байдалд тулгарсан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахын төлөө идэвх санаачилга гарган, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж байна хэмээн хэлсэн юм.


Vatican News-ийн мэдээлснээр, нийт 3.5 сая хүн амтай Монгол Улсад 1500 орчим католик шашинтнууд байдаг ажээ. Харин 1995 онд тус улс нь ердөө 14 католик шашинтантай байв.  


Эх сурвалж: A 10-hour flight to meet 1,500 Catholics: The Pope visits Mongolia - CNN


Related news