Азийн хөрөнгийн биржүүдийн индекс өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /MarketWatch/. АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан мөнгөний бодлогоо чангаруулах мөчлөгийг дуусгасан гэх хүлээлтээс үүдэн Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын хөрөнгийн биржүүдийн индекс даваа гарагт өссөн байна.
Өнгөрсөн баасан гарагт нийтлэгдсэн АНУ-ын эдийн засаг, тэр дундаа хөдөлмөрийн зах зээлийн талаарх статистик мэдээллүүд нь "Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ дахин өсгөхгүй нь" гэсэн итгэлийг хөрөнгө оруулагчдад төрүүлжээ. Энэ нь зөвхөн Уолл-стритэд төдийгүй бүс нутгийн хөрөнгийн биржүүдэд нөлөөллөө.
Тухайлбал, Японы Nikkei 225 индекс даваа гаргийн арилжааны явцад 2.3 хувиар өсөж, зургаан долоо хоногийн дээд үзүүлэлт хүрчээ. Японы 10 дугаар сарын худалдан авалтын менежерийн индексийг (PMI) өмнө нь тогтоосон 49.9 нэгжээс 50.5 нэгж болгон шинэчилсэн гэж уг үзүүлэлтийг тооцдог Jibun Bank -ны тайланд дурдсан байна. Индексийн утга 50 нэгжээс дээш байвал бизнесийн идэвхжил нэмэгдэж байгааг илтгэнэ. Энэ үзүүлэлт арав дахь сардаа дараалан энэ босгоос дээгүүр хэвээр байсан боловч есдүгээр сарын үзүүлэлт болох 52.1 нэгжтэй харьцуулахад буурчээ. Токиогийн бирж дээр Advantest (+7.7 хувь), Keyence (+2.7 хувь), Toyota Motor (+2.5 хувь), Tokyo Electron (+2 хувь), Mitsubishi Corp. (1.3 хувь) компаниудын хувьцаа өссөн байна.
Хятадын хөрөнгийн биржийн Shanghai Composite индекс арилжааны явцад 0.7 хувиар, Хонконгийн Hang Seng 1.4 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн Хятадын эх газрын DBG Technology (+10.6 хувь), Kunlun Tech (+6.5 хувь), iFLYTEK (+2.8 хувь), Zhongji Innolight (+1.9 хувь) зэрэг технологийн компаниудын хувьцаа өсжээ. Хонконгийн Sino Biopharmaceutical (+6 хувь), Sunny Optical Technology (+5.8 хувь), Wuxi Biologics (+3.9 хувь) зэрэг компаниудын хувьцааны ханш өслөө.
Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн Kospi индекс 4 хувиар, Австралийн S&P/ASX 200 индекс 0.3 хувиар өссөн байна.