Дарсны үйлдвэрлэл сүүлийн 62 жилийн хамгийн доод хэмжээнд хүртэл буурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-09 12:48:27

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /ВВС/. Энэ онд дэлхийн дарсны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос 7 орчим хувиар буурах төлөвтэй байна гэж Олон улсын усан үзмийн мод, дарсны байгууллага (OIV) мэдэгджээ. Энэ нь 1961 оноос хойших хамгийн доогуур үзүүлэлт юм. 


Тус байгууллага дэлхийн нийт дарсны 94 хувийг үйлдвэрлэдэг улс орнуудын мэдээлэлд үндэслэн дээрх таамгийг гаргасан байна. Үйлдвэрлэл буурсан нь цочир хүйтрэл, хүчтэй аадар бороо, ган гачиг зэрэг цаг агаарын таагүй үзэгдлүүдтэй холбоотой ажээ.  "Дэлхийн бөмбөрцгийн хойд болон өмнөд хагасыг хамарсан цаг агаарын гамшиг ийм нөхцөл байдалд хүргэсэн" гэж OIV-ийн Статистикийн албаны дарга Жоржио Делгроссо ярилаа. 


Дэлхийн дарсны 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг Европын Холбооны бараг бүх оронд үйлдвэрлэл буурчээ. OIV-ийн мэдээлснээр, зарим улсад бороо, шуурга, заримд нь ган гачиг ургацын хэмжээ багасахад нөлөөлжээ. Тухайлбал, ган гачгийн улмаас усан үзмийн ургац Испанид 14 хувь, Италид 12 хувиар тус тус буурсан байна. Харин Франц улс энэ жил ургацаа бүрэн авсан тул Италийг ардаа орхин дарсны хамгийн том үйлдвэрлэгч болжээ.


Цаг агаарын таагүй байдал дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын орнуудын усан үзмийн ургацад хамгийн ихээр нөлөөлсөн байна.


Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас дахь хамгийн том дарс үйлдвэрлэгч Чилид ган гачиг, ой хээрийн түймрийн улмаас ургац 20 хувиар буурсан бол Австралид ч мөн адил ургац алдаж, үйлдвэрлэл өмнөх жилийнхээс дөрөвний нэгээр багасжээ.


2022 онд үйлдвэрлэл 12 хувиар өссөн дүнтэй байсан АНУ-ын хувьд байдал илүү хүнд байна.


Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэл буурах нь салбарт муугаар нөлөөлөх боловч дэлхий даяар эрэлт багасаж байгаа тул нийт зах зээл харьцангуй тэнцвэртэй байж, үнэ унахгүй байх магадлалтай. 


"Хятадын эдийн засгийн өсөлт 2018 оноос хойш удааширч байгаа тул дарсны хэрэглээ, импорт илт буурч байна. Үйлдвэрлэл хумигдаж байгаа нь сайн мэдээ биш ч гэсэн хэрэглээ буурах нь үнийг тэнцвэржүүлэхэд нөлөөлнө" гэж ноён Ж.Делгроссо хэллээ.


Ташрамд дурдахад, эрэлт буурснаас үүдэлтэй дарсны илүүдэл нөөцийг устгахад 200 сая евро зарцуулна гэж Францын засгийн газар өнгөрсөн наймдугаар сард мэдэгдэж байв.



Related news