Бага ангийн сурах бичиг дижитал хэлбэрт шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-26 11:06:53

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Эцэг, эхчүүдийн зүгээс сурагчдын ном, хичээлийн хэрэгслийн даац их, хүнд цүнх үүрдэг гэх шүүмжлэл гардаг. Тэгвэл ирэх оноос эхлэн сурагчид хүнд цүнх үүрэх шаардлагагүй болох аж. Учир нь, ирэх оноос бага ангийн сурагчдын сурах бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх бөгөөд уг ажил 80 орчим хувьтай байна.


Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн есөн төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно. Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ.


Дижитал сурах бичгийг хоёрдугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм. Харин сурах бичгийг ашиглахад дата шаардахгүй. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэнэ гэв.



Related news