Америкийн Bitcoin ETF-үүд гурван өдрийн арилжаагаар 871 сая доллар татан төвлөрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-01-18 17:11:42

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 18 /FT/. Америкийн хөрөнгийн биржид бүртгэлтэй биткойны арилжааны сангуудад (ETF) Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгсний дараах эхний гурван өдрийн арилжааны явцад 871 сая долларын цэвэр урсгал орж ирснийг крипто зах зээлийн анхдагч компани болох CoinShares-ийн мэдээлэлд дурджээ.


Дэлхийн хамгийн том менежментийн компани болох BlackRock өөрийн сандаа 723 сая доллар, Fidelity компани 545 сая доллар татжээ. Харин Grayscale компанийн хувьд одоо байгаа санг шинэ ETF болгон хөрвүүлж, үйлчлүүлэгчид бага хураамж санал болгож буй өрсөлдөгчид рүү шилжсэнээр 1.18 тэрбум долларыг алдсан байна. 


АНУ-д хөрөнгийн биржид бүртгэлтэй биткойны арилжааны нийт 11 сан ажиллаж эхэлсэн бөгөөд Grayscale-г эс тооцвол нийтдээ 2 тэрбум гаруй долларыг зах зээлээс татаж чаджээ. 


Дээрх сангуудын үйл ажиллагааг удахгүй зөвшөөрнө гэх мэдээлэл гарсны дараа биткойны ханш 10 дугаар сараас хойш 70 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн долоо хоногт 6 орчим хувиар буурчээ. Лхагва гарагт уг криптовалютын ханш 1.65 хувиар буурч, 42.728 доллар болсон тухай CoinDesk мэдээлэв.

Related news