Өмнөд Солонгост Хятадын гурван загасчин амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСӨҮЛ. /ВВС/. Өчигдөр Өмнөд Солонгосын баруун урд эргийн усанд загасчилж байсан Хятадын загас агнуурын завин дээр гал гарсны улмаас гурван загасчин амиа алджээ.
Өмнөд Солонгосын Өмнөд Чолла аймгийн Мукпу хотын Эргийн харуулын албаны мэдэгдсэнээр, тус улсын эдийн засгийн онцгой бүсэд Хятадын загасчид хууль бусаар загасчилж байжээ.
Загасчлахаа зогсоож, Өмнөд Солонгосын уснаас гарахыг Хятадын загасчдад анхааруулсан боловч үл тоомсорлосон учир Эргийн харуулын албаныхан загас агнуурын завь руу дуут гранат шиджээ.
Загас агнуурын завин дээр 17 хүн сууж явсан бөгөөд үлдсэн 14 хүнийг нь эргийн харуулын албаныхан аварсан байна.
“Дуут гранат шидсэний улмаас завин дээр гал гарсан эсэх тодорхойгүй байна. Энэ хэргийг мөрдөн шалгаж байна” гэж Өмнөд Солонгосын албаны хүмүүс хэлэв.
Сөүл хот дахь Хятад улсын ЭСЯ энэ хэргийг “хэрээс хэтэрсэн хэрэг” гэж тодорхойлсон бөгөөд загас агнуурын завийг шалгаж үзэхээр Мукпу хот руу ЭСЯ-ны ерөнхий консул нь явжээ
Амьд үлдсэн 14 хүнийг хамгаалж, энэ хэргийг шударгаар хамтран мөрдөн шалгахыг зөвшөөрөхийг Өмнөд Солонгосоос манай улс хүссэн гэж БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан өнөөдөр мэдэгдлээ.
Хятадын завинууд хууль бусаар загасчилж буйтай Өмнөд Солонгос хатуу тэмцсээр байгаа юм.
Үүнээс өмнө Өмнөд Солонгосын эргийн харуулын албаныхан болон буу шийдэм, хутгаар зэвсэглэсэн хятад загасчдын хооронд нэг бус удаа мөргөлдөөн болж байжээ.
Г.Доржханд