“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-21 09:41:47

КАНН, 2024 оны тавдугаар сарын 21 /AFP/. Даваа гарагт Японы “Жибли” анимейшн студи Каннын кино наадмын хүндэт шагнал болох “Алтан дал мод” шагналыг хүртсэн хамгийн анхны хамт олон боллоо.


40 жилийн өмнө байгуулагдсан Оскарын шагналт тус студи нь "My Neighbor Totoro", "Spirited Away", "Howl's Moving Castle" зэрэг шилдэг бүтээлүүдээрээ дэлхий даяар алдаршсан билээ.


“Жибли”-г үүсгэн байгуулагч 83 настай Миязаки Хаяо Францын наадамд биечлэн оролцоогүй хэдий ч түүний хүү Миязаки Горо шагналыг гардан авчээ. Кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ихэвчлэн найруулагч, жүжигчид зэрэг хувь хүмүүст уг шагналыг олгодог. 


“Дэлхий даяарх бүх шүтэн бишрэгчдэдээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлье” гэж тэрбээр шагналыг гардан авсныхаа дараа хэллээ. Үүний дараа гайхалтай уран сэтгэмжтэй хамт олны дөрвөн богино хэмжээний киног үзэгчдэд толилуулжээ.


Тэдгээрийн дотор 1989 онд дэлгэцнээ гарч байсан "My Neighbor Totoro" киноны "бяцхан үргэлжлэл" гэж нэрлэгдсэн 2002 оны "Mei and the Baby Cat Bus" багтсан байна. Үзэгчид эдгээр бүтээлийг инээд баяраар дүүрэн үзэж сонирхлоо.  



Өнөөдөр та бүхэн “Жибли” студийнхэнд ирэх 40 жилийн хугацаанд уран бүтээлээ туурвих урам зоригийг өглөө” гэж Миязаки Горо кинонуудыг үзүүлсний дараа хэлжээ.


Миязаки Хаяо "зодог тайлж" буйгаа нэг бус удаа зарлаж байсан хэдий ч тэрбээр үргэлжлүүлэн ажилласаар байгаа бөгөөд өнгөрсөн онд "The Boy and the Heron" анимейшн нь кинотеатруудын дэлгэцнээ гарсан юм.


The Boy and the Heron кино энэ жил Оскарын шагнал хүртсэн билээ. М.Горогийн хэлснээр, студийнхэн цомыг АНУ-аас эх орондоо гэмтээлгүйгээр аваачихын тулд зочид буудлын алчуураар ороожээ. Харин Каннын кино наадмын хүндэт шагнал хайрцагтай байгаад баяртай байна гэж тэрбээр хэллээ.


Америкийн жүжигчин Мерил Стрип наадмын нээлтийн үеэр хүндэт шагналыг гардан авсан бол Оддын дайн-ыг бүтээсэн Жорж Лукас ирэх бямба гарагт болох хаалтын ёслолын үеэр уг шагналыг хүртэх ажээ.

 


Related news