ГОВЬ-АЛТАЙ: “Алтайн урчууд” үзэсгэлэнд “Жангар” музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа бүтээлүүдийг дэлгэжээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2024-05-21 11:21:37

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн уран зураач, бүтээлчдийн “Алтайн урчууд” үзэсгэлэнд 50 гаруй бүтээл дэлгэжээ.


Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат тэргүүтэй 30 гаруй уран бүтээлч тавдугаар сарын 20-нд Говь-Алтай аймагт хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан “Жангар” музейн сан хөмрөгт хадгалагдаж буй урлаг, уран сайхан, зураг урлалын төрлийн 46 зураг, таван баримал нийт 50 гаруй үзмэр, эд зүйлийг үзэсгэлэнд дэлгэжээ.


ХX зууны үеийн дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь”, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэдэндоржийн “Хоньчин Пунсал”, “Малчин”, “Хаянхирваагийн үйл явдал”, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Мөнхийн “Жанчив баатар”,  зураач Ч.Жамбалбаатарын “Эргэх дөрвөн цаг”, зураач П.Цогзолын “Тунгалаг тамир киноны скиз зураг” гэх мэт тухайн үеийн нийгмийн аж байдлыг илтгэсэн бүтээлүүдийг үзэсгэлэнд тавьсан нь Говь-Алтай аймаг хэзээнээс дүрслэх урлаг, уран зураачдаараа алдартайг илтгэж байгаа юм. Алтай нутгийн уран бүтээлчид галерей байгуулах хэмжээний уран зураг, уран бүтээл, уран бүтээлчтэй нутаг юм хэмээн Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлон хэллээ.


Монголын урчуудын эвлэлийн Говь-Алтай аймаг дахь салбар одоогоос хойр жилийн өмнө шинэчлэн байгуулагдаж өдгөө 13 уран бүтээлчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тавдугаар сарын 20-нд нээлтээ хийсэн “Алтайн урчууд” үзэсгэлэн “Жангар” музейд зургаадугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.