Элсэлтийн шалгалт орон даяар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-04 09:35:50

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. 2024 оны элсэлтийн шалгалт өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтаар эхэллээ.


Шалгалтыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан хуваарийн дагуу улс орон даяар зэрэг зохион байгуулах юм. Энэ жил Элсэлтийн шалгалт өгөхөөр нийт 35939 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэдний 14812 нь Улаанбаатар хотынх, 17541 нь орон нутгийнх бол өмнөх оны 3586 шалгуулагч байна.


Мөн Боловсролын үнэлгээний төв шалгалт өгөх шалгуулагчдадаа зориулан 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 10-ны байдлаар 550 гаруй шалгуулагч чатбокс, гар утас, бүлгийн болон ганцаарчилсан байдлаар зөвлөгөө авчээ.


Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

Бүртгэлийн хуудас /eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна. 2024 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 2024 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна/

Суудлын хуваарь /eyesh.eec.mn холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна/

Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Иргэний үнэмлэх, хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол e-mongolia -гийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэрэг орлуулах баримт бичиг байж болно.


Шалгалтын хуваарийг танилцуулъя.

Долдугаар сарын 4

10:00-11:20 цагт: Түүх

14:00-15:20 цагт: Англи хэл

Долдугаар сарын 5

10:00-11:40 цагт: Хими

13:00-14:20 цагт: Газарзүй

16:30-17:50 цагт: Нийгэм судлал

Долдугаар сарын 6

10:00-11:20 цагт: Биологи

14:00-15:40 цагт: Математик

Долдугаар сарын 7

10:00-11:40 цагт: Физик

13:00-14:20 цагт: Орос хэл

16:00-17:20 цагт: Монгол хэл

Related news