ДУНДГОВЬ: Судалгаагаар адууны 300 тамга, 11 им чихлээс байна
ФОТО МЭДЭЭ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймагт олон жил малын их эмчээр ажиллаж байсан С.Дэжидбалын
хийсэн судалгаагаар тус аймагт адууны 300 орчим тамга, 11 им чихлээс байдаг.
Түүний тодорхойлсноор бүх тамга гурвалжин /чойнжин/, онги,
сар, алх, буйл, гурван нүдтэй чандмань, дөрвөлжин, зуузай, уйлан, хас ба
бэлгэдлийн тамга гэсэн 10 үндсэн төрөлд багтах ба тэдгээрээс саран тамга 18
хувь, дөрвөлжин тамга 13 хувь, чойнжин тамга 12 хувь, онги тамга 7 хувь,
чандмань тамга 6 хувь, буйлан тамга 3 хувь, зуузай тамга 4 хувь, уйлан тамга 3,5
хувь, хас буюу билгэдлийн тамга 5,5 хувь туухай 5,5 хувийг эзэлдэг.
Нутгийн судлаачдын зарим нь нэг тамга 15 суманд янз
бүрийн чимэг зүүлттэй, бас өөр өөр нэртэй байгааг ч тодорхойлжээ. 1930-аад он
хүртэл язгуурын хуучин, гар хийцийн тамга хэрэглэж байгаад хөдөө аж ахуйн
нэгдэл үүсэх үеэс өөр нэр төрлийн тамга хийх болсон гэдэг. Уран дархчуудын хийсэн нэг төрлийн тамга
Дундговь аймагт гэхэд 10-20 хувилбар нэртэй байжээ.
Мөн зарим малчин хошуу нутагтаа байхгүй тамга хийлгэн
хэрэглэж байв. Тухайлбал Дэрэн сумын малчин Хүрэн гэгч малчин “иод” нэртэй,
Гурвансайхан сумын Равдандорж гэгч “бадамтай
сар”, Цагаандэлгэр сумын иргэн Наваан “хөвчтэй саран дэвсгэртэй, галтай, гурван
нүд” тамга хэрэглэж байсныг орон нутгийн судлаачид мэдээлсэн байдаг.
Адууны тамга судалж, цуглуулдаг иргэд болон аймгийн музейн сан хөмрөгт бүрэн зэтэртэй хас, гал, давхар дөрвөлжин, давхар саран, дороо туурайтай саран, дөрвөлжин хүрээтэй чандмань, дугуй хүрээтэй туухай, дугуй хүрээтэй уулин, нуман зэрэг олон төрлийн тамга хадагалагдаж байна.


















