Олон улсын биологийн олимпиадаас хос хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Олон улсын биологийн 35 дугаар олимпиад Казахстаны Астана хотод болж, “Шинэ Үе” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Мишээл, “Байгаль-Эх” лицей сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Ирээдүй нар хүрэл медаль хүртжээ.
Тус олимпиадад манай улсаас дөрвөн сурагч оролцсон юм. Энэ жилийн биологийн олимпиадын даалгавар биохими, молекул биологи, биоинформатик болон амьтны анатоми, физиологийн гэсэн дөрвөн чиглэлээр ирсэн байна. Сурагчид шинжлэх ухааны салбарт өөрсдийгөө сорьж, мэдлэг болон ур чадвараа дайчлан өрсөлдөж, дөрвөн дадлага ажлыг 12 цагийн турш, онолын шалгалтаа үдээс өмнө, үдээс хойш зургаан цагийн турш хийж гүйцэтгэсэн аж.
Сонирхуулахад,
хоёр жилийн өмнө Арменийн Ереван хотод болсон биологийн 33 дугаар олимпиадаас
манай улс мөн хос хүрэл медаль хүртэж байсан юм.