Өмнөд Суданд иргэд рүү зэвсэгт босогчид халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-12 11:36:42

НҮБ. /Reuters/. Иргэдэд халдсан хэрэг гарсантай холбогдуулан хүчирхийллээс зайлсхийхийг Өмнөд Суданы Засгийн газрын цэргүүд болон босогчдын аль алинд нь хандан НҮБ уриаллаа.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт нийслэл Жуба хотоос 100 орчим км зайтай орших газарт зэвсэгт босогчид ачааны машинуудыг отож байгаад дайрчээ. Халдлагын үеэр 21 хүн амь үрэгдсэн байна.

Өмнөд Суданы Засгийн газрын албаны хүмүүс энэ хэрэгт засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийхнийг буруутгаж байгаа бол босогчид “бид иргэдэд халдаагүй” хэмээн няцааж байна.

Энэ оны дөрөвдүгээр сард Өмнөд Суданд түр засгийн газар байгуулагдсан бөгөөд ингэснээр тус улсад энх тайван байдал тогтоно гэж ажиглагчид үзэж байсан юм. Гэсэн хэдий ч засгийн газрын цэргүүд болон босогчид долдугаар сараас Жуба хотод дахин байлдаж эхэлжээ. Түүнээс хойш тус улсад 270 гаруй хүн амь үрэгдээд байна.

Г.Доржханд


 

Related news