Зарим төрлийн ашигт малтмалыг АНУ-д экспортлохыг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-12-04 15:49:21

БЭЭЖИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /NHK/. АНУ-ын Худалдааны яам Хятадад хагас дамжуулагчийн нийлүүлэхэд тавьсан хязгаарлалтыг чангатгасны хариуд Хятадын тал зарим төрлийн чухал ашигт малтмалыг АНУ руу экспортлохыг хоригложээ.


"АНУ-д галли, германий болон сурьма экспортлохыг зарчмын хувьд хориглоно" гэж Хятадын Худалдааны яам мягмар гарагт мэдэгдсэн байна. Эдгээр ашигт малтмал нь хагас дамжуулагч үйлдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байдгаас гадна тэдгээрийг цэргийн зориулалтаар ашигладаг. Хятад улс эдгээр давхар зориулалттай ашигт малтмалыг нийлүүлдэг хамгийн том экспортлогч улс юм. Түүнээс гадна, лити-ионы батерей үйлдвэрлэхэд ашигладаг бал чулуунд экспортын хатуу хяналт тавина гэж Хятадын Худалдааны яам мэдэгджээ.


Хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ашигладаг тоног төхөөрөмжүүд, түүнчлэн ийм төрлийн чипүүд үйлдвэрлэхэд ашигладаг программ хангамжуудын экспортын хяналтыг чангатгана гэж АНУ-ын Худалдааны яам мэдэгдсэний дараа Хятадын тал дээрх мэдэгдлийг хийжээ. Үүний сацуу Америкийн экспортын хязгаарлалтын жагсаалтад Хятадын 140 компанийг нэмж оруулсан байна. 


Хятад улс дэвшилтэт технологийн тусламжтайгаар цэргийн чадавхаа нэмэгдүүлэхээс сэргийлэх зорилгоор эдгээр арга хэмжээг авч байна гэдгийг АНУ-ын Худалдааны яам онцолжээ. 


Харин Хятадын худалдааны яам мэдэгдэхдээ, АНУ-ын эдгээр арга хэмжээ нь олон улсын худалдааны дүрмийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд Хятадын аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд ихээхэн хохирол учруулж байна гэжээ.




Related news