2025 оноос хойш төрсөн хүүхдүүдийг "бета үе" гэж нэрлэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /NYP/. 2025 онд төрөх хүүхдүүд шинэ "бета үе"-ийн анхны төлөөлөгчид болно хэмээн хүн ам зүй судлаач Марк Маккриндл ярьсныг “The New York Post” (NYP) сонинд эш татан бичжээ.
Ойролцоогоор 2039 он хүртэл үргэлжлэх энэ үе нь "альфа үеийнхний", өөрөөр хэлбэл 2010-2024 онд төрсөн хүмүүсийн дараах үе болох ажээ. Шинэ үеийн хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн шилжилт хөдөлгөөн, хурдацтай хотжилт зэрэг "нийгмийн ноцтой сорилтуудтай" тэмцэж буй дэлхийг өвлөн авна гэж Маккриндл ярьсан байна.
"Бета үеийнхэн сургалтын тогтолцоо, хөдөлмөр эрхлэлтээс эхлээд эрүүл мэнд, зугаа цэнгэлийн салбар гээд өдөр тутмын бүхий л амьдралд нь хиймэл оюун, автоматжуулалт бүрэн нэвтэрсэн эрин үед амьдрах болно" гэж тэрбээр үзэж байгаа ажээ.
Түүний таамагласнаар, 2035 он гэхэд дэлхийн хүн амын 16 хүртэлх хувийг “бета үеийнхэн” эзлэх гэнэ.