“Алтан бөмбөрцөг” наадмыг 10 сая гаруй хүн телевизээр үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-01-07 11:10:39

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 7 /AFP/. Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг Алтан бөмбөрцөг наадмын шагнал гардуулах ёслолыг телевизээр 10 сая гаруй хүн үзсэнээр өмнөх жилийнхээс үзэгчдийн тоо өслөө гэж “Emilia Perez”, “The Brutalist” кинонууд гол шагналыг хүртсэн ёслолын дараа продюсерүүд даваа гарагт мэдэгджээ.


Холливүүд ажил хаялт ба цар тахлаас үүдэлтэй уналтаас гарахыг хичээж байгаатай зэрэгцэн “Алтан бөмбөрцөг” наадмын нэр хүнд өссөн нь сүүлийн жилүүдэд шагнал гардуулах ёслолыг үзэгчдийн тоо өсөж буйгаас харагдаж байнаЭнэ жилийн наадмыг 10.1 сая хүн телевизээр үзсэн нь 2024 оныхоос долоон хувиар өсжээ. Түүнчлэн 2023 онд зургаахан сая үзэгчийг татаж байсантай харьцуулахад илт мэдэгдэхүйц өсөлт юм.


Нэр хүндээрээ “Оскар”-ын араас хоёрдугаарт ордог “Алтан бөмбөрцөг” наадам нь сүүлийн жилүүдэд маргаан дагуулж, цаашид зохион байгуулах эсэх тухай асуудал үүсэж байсан юм. Тухайлбал, уг шагнал гардуулах ёслолыг өмнө нь зохион байгуулдаг байсан сэтгүүлчидтэй холбоотой асуудлын улмаас NBC телевиз 2022 онд уг шоуг нэвтрүүлээгүй байна. Улмаар өнгөрсөн жилээс шинэ эзэмшигчийн удирдлага дор дахин үйл ажиллагаагаа эхэлж, нэвтрүүлэх эрхийг CBS рүү шилжүүлж, ням гаргийн орой үзэгчдийг дэлгэцийн өмнө уядаг нь дахин сэргэж, А зэрэглэлийн олны танил эрхмүүд дахин хуран цугларах болсон юм.


Энэ удаагийн наадамд Emilia Perez”, “The Brutalist” кинонууд гол шагналуудыг хүртсэн бөгөөд Францын найруулагч Жак Одиарын Emilia Perez кино шилдэг инээдмийн/мюзикл кино зэрэг дөрвөн төрөлд шалгарсан бол The Brutalistшилдэг драмын кино шагналыг хүртсэнээс гадна гол дүрд тоглосон Эдриен Броуди шилдэг эрэгтэй жүжигчин болжээ. Мөн шилдэг дүрүүдийн шагналыг “The Substance кинонд дүр бүтээсэн Деми Мур, A Different Man кинонд тоглосон Себастиан Стэн, I'm Still Here киноны жүжигчин Фернанда Торрес нар тус тус хүртсэн байна. Энэ удаагийн наадмыг комедиан Никки Глейсер хөтлөн явуулсан юм.

 


Related news