Түймрийн улмаас Меган Марклын шоуг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-01-13 17:20:20

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 13 /AFP/. Их Британийн хунтайж Харригийн гэргий, жүжигчин Меган Марклын хөтлөн явуулах Netflix-ийн шинэ цувралын дэлгэцнээ гарах хугацааг Лос-Анжелесын түймрийн улмаас хойшлуулжээ.  


With Love, Meghan хэмээх нэртэй, найман ангитай, амьдралын хэв маягийг харуулсан хоолны шоу лхагва гаргаас стриминг платформоор цацагдах ёстой байсан юм. Гэвч Лос-Анжелест дэгдсэн түймрийн улмаас 24 хүн амиа алдаж, олон мянган байшин барилга сүйдээд буй эмгэнэлт нөхцөл байдал тохиосон тул уг шоуг гуравдугаар сар хүртэл хойшлуулсан байна.


Миний төрөлх Калифорни муж улсад гарсан ойн түймэрт өртсөн хүмүүст хэрэгцээ шаардлагатай байгаа зүйлсийг бэлтгэхэд бид анхаарлаа хандуулж байгаа энэ үед шоуны нээлтийг хойшлуулах шийдвэрийг маань дэмжсэн Netflix-ийн түншүүддээ талархаж байна гэж М.Маркл хэлжээ. Лос-Анжелес хотод төрсөн М.Маркл өдгөө Харригийн хамт хотоос баруун хойд зүгт 160 км зайд орших далайн эргийн Монтекито хотод амьдарч байгаа юм.


Netflix-ийн зүгээс мэдэгдэхдээ, Өмнөд Калифорнийн байгалийн гоо үзэсгэлэн алдагдаж буйд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд, Лос-Анжелес хотод гарсан түймрийн улмаас Сассексийн гүнгийн авхай Меганы хүсэлтийн дагуу Netflix-ийн шоуг хойшлуулсан гэжээ.


Өнгөрсөн долоо хоногт Харри, Меган нар Лос-Анжелесын Пасаденад байгалийн гамшигт үзэгдлээс эсэн мэнд үлдсэн хүмүүсийг тайвшруулж байгаа нь харагдсан юм. Тэд мөн нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг гэр орондоо байлгахыг Калифорнийн оршин суугчдад уриалсан мэдэгдэл гаргажээ.  Мөн хувцас, хүүхдийн хэрэгсэл болон бусад шаардлагатай эд зүйлсийг хандивласан байна.


With Love, Meghan шоуны трейлэрт М.Маркл хоол хийж, цэцэг ургамал арчилж, гар урлал хийж, зочдыг хүлээн авч байгаа нь харагдана. Тэдгээр зочны дунд алдарт тогооч Алис Уотерс, жүжигчин Минди Калинг болон М.Марклтай Suits цувралд хамтран тоглосон дотны найз Абигаил Спенсер нар байжээ.

 


Related news