Маршалын нэрэмжит барилдаанд улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-14 11:50:14

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын 12 дахь Ерөнхий сайд, Өрлөг жанжин, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан боллоо.


Зургаан заанаар манлайлуулсан эл барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин спорт хороо, Даян дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Даян дэвжээний бөх, начин Б.Чимэдвандан үзүүрлэв. М.Лхагвагэрэл зааны хувьд энэ улиралд хоёр түрүү, хоёр үзүүр, хоёр их шөвөгт шалгарсан амжилттай болж байна. Тэрбээр энэ улирлын анхны түрүүгээ өнгөрсөн жилийн аравдугаар сард хүртсэн юм. Харин Б.Чимэдвандан начин бөхийн өргөөнд хоёр дахиа үзүүрлэлээ.


Тус барилдааны их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Аврагч спорт хороо, Дорнын Хүчтэн дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хүч спорт хороо, Нэгдэл клуб, Их Богд дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарсан юм. Тэгвэл наймд улсын заан Б.Бат-Өлзий, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Д.Бадамгарав,  заан Д.Батбаяр нар үлдэв.


Уг барилдаанд түрүүлсэн бөх 10, үзүүрлэсэн нь 5.0, их шөвөгт шалгарсан нь тус бүр 2.0 сая төгрөгийн бай гардлаа. Ийнхүү Дорнод аймгийнхан энэ улиралд шагналын сан өндөртэй, улс, аймгийн цолтнууд зодоглосон гурван барилдаан зохион байгууллаа.


Ташрамд сонирхуулахад, энэ сарын 19-ний 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд “Хамбын бор”, “Урт гарт” хэмээх улсын хүчит арслан М.Лхагвын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно.



Related news