“Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” баг Чэндүгийн “Их дуулга”-д өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээн болж, “Улаанбаатар Вест” баг аваргаар тодорлоо.
Энэхүү тэмцээнд зургаан орны 12 баг өрсөлдсөнөөс алт, мөнгөн медаль хүртсэн баг Чэндүгийн “Их дуулга”-д оролцох эрх өвөртлөх болзолтой байв. Тэгвэл Д.Дэлгэрням, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ, Б.Төгөлдөр нараар багаа бүрдүүлсэн “Улаанбаатар Вест”-ийнхэн финалын шатанд өрсөлдөгчөө 21:12-оор буулган авснаар түрүүлж, 10 мянган ам.доллар халааслаад зогсохгүй Хятадын Чэндүг зорих эрхтэй болов.
Тэдэнтэй финалд өрсөлдөөд хожигдсон ч Б.Алтангэрэл, Л.Авирмэд, М.Баасандорж, У.Чингүүн нарын бүрэлдэхүүнтэй “Баянхайрхан Миг” баг Монгол Улсаас Чэндүгийн “Их дуулга”-д өрсөлдөх хоёр багийн нэгээр тодорч, 6000 ам.долларын шагнал хүртлээ. Энэхүү тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор Г.Болор-Эрдэнэ тодорсон байна.