Тэргэнцэртэй сэлэмчин Б.Даваасүрэн мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хонконгт болсон тэргэнцэртэй сэлэмний олон улсын тэмцээнээс Б.Даваасүрэн мөнгөн медаль авчээ.
Өчигдөр өндөрлөсөн тус тэмцээнд Аргентин, Макао, Монгол, Тайвань, Хонконг, Энэтхэг, Японы 70 орчим тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний хоёр тамирчин оролцсон байна. Тэднээс “В” ангилалд өрсөлдсөн Б.Даваасүрэн мөнгөн медалиар энгэрээ мялаасан бөгөөд тэрбээр финалд Хонконгийн тамирчинд хожигджээ. Энэхүү ангилалд Тайванийн тамирчид хосоороо хүрэл медалийн тавцанд зогссон байна.
Тэгвэл “А” ангилалд Б.Жигмэддорж шөвгийн наймд шалгарсан амжилттайгаар энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлэв. Б.Даваасүрэнгийн тухайд улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн жил дараалан түрүүлсэн бөгөөд олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол эрэгтэй сэлэмчин болж байна.
Ташрамд дурдахад, Хятадын Вүши хотод үргэлжилж буй туялзуур сэлмийн өсвөр, залуучуудын ДАШТ-д оролцох манай тамирчид өчигдрөөс тэмцээнээ эхлүүлжээ. Энэ удаагийн тэмцээнд Ц.Жигжидсүрэн дасгалжуулагчаар удирдуулсан 14 тамирчин оролцож байна. Тодруулбал, өсвөрийн ангилалд эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав, залуучуудад эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөнө.