"Титаник”-аас илгээсэн захидлыг дуудлагаар худалджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 27 /АР/. Их Британид болсон дуудлага худалдаагаар “Титаник” хөлөг онгоцноос илгээсэн захидал 300 мянган фунт стерлинг буюу 350 мянган еврогийн үнэ хүрч зарагджээ.
Гарын үсэг бүхий ил захидлыг "Титаник" хөлгийн нэгдүгээр зэрэглэлийн зорчигч, Америкийн хөрөнгө оруулагч, зохиолч IV Арчибальд Грейси хөлөг далайд гарснаас хэдхэн хоногийн дараа бичжээ. Уг захидлыг түүний зээгийн хүү дуудлага худалдаанд тавьсан байна.
"Энэ бол гайхалтай хөлөг онгоц, гэхдээ би дүгнэлтээ хэлэхээсээ өмнө аяллаа дуусахыг хүлээнэ" гэж тэрбээр бичжээ.
Дуудлага худалдааг Английн Уилтшир муж дахь “Henry Aldridge & Son” дуудлага худалдааны ордонд зохион байгуулжээ. Захидлыг 60 мянган фунт стерлингээс эхэлж дуудсан байна. Эцэст нь захидал тав дахин өндөр үнээр зарагджээ. Уг захидлыг АНУ-ын нэгэн цуглуулагч худалдан авсан байна.
IV Арчибальд Грэйси бол "Титаник"-аас далайн хүйтэн ус руу үсэрч, амьд үлдсэн цөөхөн зорчигчдын нэг юм. Тэрбээр хөмөрсөн завь руу авиран гарч, аврагджээ.
Нью-Йорк руу буцаж ирснийхээ дараа Грэйси ослын талаар "Титаникийн тухай үнэн" хэмээх номдоо бичжээ. Тэрбээр 1912 оны 12 дугаар сард нас барсан байна.
Related news

