Шинээр барьж буй барилгын чанар, аюулгүй байдлыг шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-09 09:31:16

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хяналт шалгалтын газраас барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 97 аж ахуйн нэгж байгууллагад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийж эхэллээ.


Энэхүү шалгалтаар барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, барилгын талбайн зохион байгуулалт, орчны аюулгүй байдал, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, шугам сүлжээний угсралтыг шалгах бөгөөд илэрсэн зөрчлийг арилуулж, гүйцэтгэлийг хянах юм.

НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн дарга Б.Найрамдал ярихдаа, “Барилга бүтээн байгуулалтын ажил нэмэгдэхийн хэрээр эрсдлүүд гарч байна. Ялангуяа ашиглалтад орсны дараа зөрчил ихээр илэрч байгааг дурдах нь зүйтэй. Иймд угсралтын явцад хяналт шалгалтыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд төлөвлөсөн 97 аж ахуйн нэгж, байгууллагад Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тав хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, хяналт шалгалт хийж байна” гэлээ.


Тус шалгалт долоодугаар сарын 5-ныг хүртэл буюу хоёр сарын хугацаанд үргэлжлэх аж. 


Ташрамд дурдахад, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд хамгийн их барилга байгууламж барьж байгаа бөгөөд дийлэнх нь орон сууцны зориулалттай байна. 






Related news