Жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэрэгжүүлж болох арга замыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-23 11:54:22

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ, Жендэрийн Үндэсний хороо хамтран “Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгээр энэ сарын 22-23-нд зохион байгууллаа.


Хурлыг угтаж 27 удаагийн зөвлөлдөх уулзалтыг төр, ТББ, ИНБ, ОУБ, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулан нийслэл, 21 аймагт зохион байгуулж, уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг олон улсын хурлын уриалгад тусгасан байна. Нэгдсэн хуралдаанаар жендэрийн эрх тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд шинээр үүсэж буй асуудлыг шийдэх туршлага хуваалцаж, хэрэгжүүлж болох арга замыг хэлэлцэв. Салбар хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг нэмж буй сайн туршлагыг ярилцаж, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх алхмыг тодорхойлжээ. Хурлаас гарсан уриалга, санаачилгыг манай улсад 2026 онд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бодлого, хэлэлцүүлгийн үндэс суурь болгох юм.


Монгол Улс хүн ам цөөтэй ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд хамгийн их өртөж буй орнуудын нэг юм. Сүүлийн 80 жилд манай орны агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдэн, 832 нуур, усан сан ширгэж, мөсөн голын талбай 30 хувиар багасан, газар нутгийн 76 хувь нь цөлжөөд байгаа. Гэсэн ч ердөө 0.1 хувь хүлэмжийн хий ялгаруулдаг. Ган, цөлжилт, усны хомсдол, бэлчээрийн доройтол, малчдын амьжиргаанд учирч буй эрсдэл нүүдлийн өвөрмөц ахуй соёлд бэрхшээл учруулж байна.

НҮБ-ын тооцоогоор, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн дүрвэгдсийн 80 хувь нь охид эмэгтэйчүүд байна. 2050 он гэхэд 158 сая эмэгтэй, охид ядууралд, 232 сая эмэгтэй, охид хүнсний хомсдолд өртөж болзошгүй байгаа аж. 


Дээрх олон улсын хуралд 170 төлөөлөгч оролцсоноос НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Монгол Улс дахь болон Ази, Номхон далайн бүс нутгийн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, АХБ, Уур амьсгалын Ногоон сан, ЕХ, ЕХОБ, Австрали, БНХАУ, БНСУ, Казахстан, Канад, Филиппин зэрэг улсын 60 гаруй зочин, төлөөлөгч хүрэлцэн ирсэн нь энэ сэдэв дэлхийн анхаарлын төвд байгаагийн нотолгоо юм. 



Related news