Хаях би яараагүй байхад...
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадамд зургаан удаа түрүүлсэн, хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон Олимпын наадмын анхны мөнгө, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг өнөөдөр олонд дэлгэлээ.
Тус хөшөөний нээлтэд өдгөө амьд сэрүүн аж төрж байгаа үндэсний бөхийн аварга цолтой 12 бөхийн долоо нь ирж, хүндэтгэл илэрхийлэв. Тодруулбал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нар ирсэн юм. Харин дархан аварга Х.Баянмөнх, улсын аварга О.Балжинням, Д.Сумъяабазар, П.Бүрэнтөгс, О.Хангай нар тодорхой шалтгааны улмаас оролцож чадаагүй аж. Түүнчлэн Төв аймгаас төрөн гарсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, тус аймгийн “Дүнжингарав” дэвжээний хүчтэнүүд, дархан аваргатай Ж.Мөнхбаттай барилдаж явсан арслан, заанууд болон түүний үүсгэн байгуулсан Их шавийн дээд сургуулиас төрөн гарсан спортын алдартнууд оролцлоо.
Гэрэлт хөшөөний нээлтэд Их аварга Хакүхо М.Даваажаргал үг хэлэхдээ “Өнөөдөр би аавынхаа алтан бөгжтэй, 2006 онд надад хийлгэж өгсөн бүсээр нь гангарч ирлээ. Аав маань энэ бүсийг надад хийлгэж өгөхөд би озэки цолтой байв. Миний аав өнөөдөр амьд сэрүүн байсан бол 85 насыг зооглох байлаа. Өнөөдөр бол аавын минь сүлд өдөр юм. Аав минь нэг л зан, нэг л төрхөөрөө бөх сонирхогч Монголын ард түмний хайртай хүү хэвээр байна. Хайртай ээж минь өнөөдөр үр хүүхдүүд, ач, гуч, зээдээ алт шиг сургаалаа хайрлан амьдарч байна. Тандаа баярлалаа. XX, XXI зууны аав хүү аварга, анхны аав, хүү хөдөлмөрийн баатар билээ, бид. Хайрт аав минь ээ, бид таны үргэлжлэл шүү” хэмээн ярилаа.
Энэхүү хөшөөг Архангай аймгийн Хашаат сумын харьяат уран барималч Ж.Түмэнчулуун урлажээ. Тэрбээр ярихдаа, “Домогт аваргын хөшөөг урлах хувь тохиосонд маш их баяртай байна. Хоёр жил гаруйн хугацаанд урлаж, дуусгалаа. 2.5 тонн хүрэл орсон. Суурийг “Монголын үйтэн чулуу” компани боржин чулуугаар хийсэн юм. Хөшөөг хамт бүтээлцсэн багийнхандаа баяр хүргэе, баярлалаа. Надад итгэл хүлээлгэж, захиалгаа өгсөн Ж.Мөнхбат аваргынхаа хань болон үр хүүхдүүдэд нь гүн талархал илэрхийлье. Монгол дахь хамгийн том хөшөөнүүдийн нэг. Мөн нийслэлд сүндэрлэсэн анхны бөхийн хөшөө гэдгээрээ онцлогтой болов уу. Учраа бөхөө давчихаад тугаа тойрч байгаа хөдөлгөөнийг нь дүрсэлсэн юм” хэмээлээ. Аатай амтай, арга мэхтэй, бяртай хүчтэй, энгийн даруу хэрнээ эрхэмсэг аваргын хөшөөг сайхан урласныг зочид, төлөөлөгчид сэтгэгдлээ хуваалцаж байна. Уран барималч Ж.Түмэнчулуун өмнө нь Төв аймгийн Эрдэнэсант сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан дархан аварга Ж.Мөнхбатын цээж баримлыг урлаж байсан аж. Тэгвэл хоёр дахь удаагаа аваргын хөшөөг урласан нь энэ.
Ж.Мөнхбат 1941 оны могой жилийн зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн
Эрдэнэсант суманд “Хадан” хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх
Хажид нарын 11 хүүхдийн 10 дахь хүү болж төржээ. Тэрбээр Эрдэнэсант сумын долоон жилийн дунд сургууль төгсөөд
Санхүүгийн Техникум, улмаар
Эдийн засгийн дээд сургуульд сурсан байна. Түүний хувьд 1960 онд сумын заан болсон бол дараа жил нь Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор улсын
заан цол хүртэж байжээ.
Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд зургаан удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. Тодруулбал, 1963 онд хүчит арслан У.Мижиддоржоор ес давж, улсын наадмын анхны түрүүгээ авсан түүхтэй. Улмаар 1964, 1965, 1966, 1967 онд дараалан түрүүлсэн юм. Үүнээс хойш долоо жилийн дараа дархан аварга Х.Баянмөнхөөр давж, төрийн наадамд зургаа дахь удаагаа түрүү бөхөөр тодорсон хүчтэн билээ. Түүнчлэн сар шинийн барилдаанд зургаан удаа түрүүлсэн нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нарын ард бичигдэх амжилт юм. Тэрбээр улсын их баяр наадамд 23 удаа шөвгөрсөн бөгөөд хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа зургаа давж, долоогийн даваагийн улсын заан Р.Гансүхэд өвдөг шороодсон билээ.
Өнөө цагт суут аваргын “Хаях би яараагүй байхад, унах чи юунд яарнам” гэсэн
алдарт үг өдгөө бөх сонирхогчдод домог болон үлджээ. Ийнхүү монгол наадмын
нэгэн чимэг болсон алдарт аварга Ж.Мөнхбат аваргын гэрэлт хөшөө Төв цэнгэлдэх
хүрээлэнгээ харан сүндэрлэлээ.