Монголд 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-04 17:53:00

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Нэг сарын өмнө “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” хэмээх есөн боть номын нээлтийг хийж байсан бол өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулдаг цуврал лекцийн хүндэт зочин илтгэгч нь Польшийн аялагч, Варшавын их сургуулийн профессор Агата Барея -Стажинска байлаа.


“Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун Варшавын их сургуулийн профессор Агата Барея-Стажинска нар Польшийн Ур чадварын академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивт хадгалж буй Монгол Улсад 1915-1916 онд явуулсан хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн есөн боть ном болгон хэвлүүлснээ танилцуулав. Уг номд Монголын тухайн үеийн хүн амын суурьшил, улсын хөрөнгө сан хөмрөгөөс эхлээд хошуу ноёдын тайлан, монголчууд хадлангаа хаанаас, хэрхэн хадаж байсан зэрэг нэн ховор, чухал, сонирхолтой, түүхийн баримт материалуудыг багтаажээ.


Илтгэгч Агата Барея-Стажинска хэлэхдээ, “Монгол Улсын 1915-1916 оны хүн амын тооллогын материалууд нь Польш дахь Краков хотын архивт байгаа. Тэр архив нь Л.В.Котвичийн хувийн архив гэж болно. Түүнээс 3500 хуудсыг эргүүлж үзсэн. Л.В.Котвич бол олон жил ОХУ-д санхүүгийн чиглэлээр ажилласан, монголч эрдэмтэн бөгөөд зарим материалуудаа монголоор бичсэн. Тухайн үеийн хошууны дарга түүний гэр бүл, засаг захиргааны байдал зэрэг 10 гаруй асуултаар хүн амын тооллогыг хийсэн байдаг. Хамгийн дэлгэрэнгүй 34 хуудас бүхий мэдээлэл нь Түшээт хан аймгийнх байсан. Уг хүн амын тооллогын баримтыг гурван хэсэгт хуваасан гэж үздэг, зарим материалууд устгалд орсон байх  магадлалтай” гэв.


Харин академич С.Чулуун “Монгол Улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн 1915-1016”  эмхэтгэл номд Монголын түүхэнд өнөөдрийг хүртэл хараагүй, дурдаагүй материалууд байгааг тодотголоо. Мөн 1921 онд орчуулсан эрдэмтэн, дипломатч И.М.Майскийн “Орчин үеийн Монгол орон” гэдэг ном байдгийг онцоллоо.



Related news