Ираны тал Израилд пуужингийн цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-14 10:55:09

ТЕХРАН, 2025 оны зургаадугаар сарын 14 /BBC/. Израилын талаас өгсөн агаарын цохилтын хариуд “хатуу хариу арга хэмжээ авна” гэдгээ Ираны дээд удирдагч мэдэгдсэний дараа Ираны тал Израил руу баллистик пуужингууд харважээ.


Бямба гаргийн үүрээр Иран, Израилын талууд харилцан агаарын цохилтууд өгч, Тель-Авив, Йерусалим хотуудад агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дуут дохио дуугарч, Техранд хэд хэдэн дэлбэрэлт сонсогдсон байна.


Израил руу баллистик пуужин харвасан гэж Ираны Хувьсгалт гвард мэдэгдсэн бол Израилын Батлан хамгаалахын хүчин зарим пуужинг амдан сөнөөсөн гэж мэдэгдсэн байна. Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи Израилын цохилтын хариуд "хүнд цохилт өгнө" хэмээн мэдэгдээд байсан юм.


Ираны хариу цохилтын дараа Израилын эмнэлгүүдэд 40 хүн хүргэгдэн эмчлүүлж байгаагийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа ажээ. Харин Иранаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн мэдээлснээр, Израилын дайралтын улмаас 78 хүн, түүний дотор цэргийн өндөр албан тушаалтнууд амь үрэгдэж, 320 гаруй хүн шархадсаны ихэнх нь энгийн иргэд байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын талаас "бүр ч илүү харгис" дайралт хийж болзошгүйг анхааруулаад Ираны эрх баригчдад хандан цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрэхийг уриалсан байна. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “хурцадмал байдлыг даамжруулахаа зогсоохыг Иран, Израилд уриалаад, “энх тайван, дипломат ажиллагааг сонгох ёстой” хэмээн мэдэгджээ.

Related news