Орос, Украины талууд цэргүүдийн цогцсыг солилцож дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-17 12:18:51

КИЕВ, 2025 оны зургаадугаар сарын 17 /BBC/. Украин, Оросын талууд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг солилцох ажиллагааг явуулж дуусжээ. 


Оросын тал даваа гарагт 1245 хүний ​​цогцсыг хүлээлгэн өгснөөр сүүлийн хэдэн өдрийн дотор нийт 6057 хүний цогцсыг шилжүүлэн өгсөн гэж Украины тал мэдэгдсэн байна. Одоо цогцоснуудыг украин цэргүүдийнх мөн эсэхийг тогтоож байгаа ажээ.


Украинд нийт 6060 цогцсыг шилжүүлэн өгсөн гэдгээ Орсын тал мэдэгдсэн байна. Мөн Оросын 78 цэргийн цогцсыг эх оронд нь авчирсан гэж мэдэгджээ.


Харин Украины Дотоод хэргийн сайд Игорь Клыменко цогцос таних үйл явцыг зориуд хүндрүүлж байгаа гэж Оросыг буруутгасан байна. Цогцсыг маш их эрэмдэглэсэн байдалтайгаар буцаан өгч, нэг цогцосны хэсгүүд өөр өөр уутанд байсан гэж тэрбээр хэлжээ.


Хамгийн сүүлчийн солилцоог даваа гарагт явуулж, Улаан загалмай нийгэмлэгийн ажилтнууд үйл явцыг хянажээ. Хоёр талын солилцсон цэргүүдийн цогцосны тоо эрс ялгаатай байгаа нь сүүлийн үед Орос улс эзэлсэн газар нутгийн хэмжээгээ тэлж байгаа тул тулаанд амь үрэгдсэн олон цэргээ эргүүлэн авч чадсантай холбоотой байж болох юм.


Энэ сарын эхээр Туркийн Истанбул хотноо болсон Украин, Оросын энхийн хэлэлцээний үеэр цогцсуудыг эх оронд нь авчрах, мөн олзлогдсон цэргүүдийг солилцохоор тохиролцсон билээ.

 


Related news