Цагаачдыг албадан гаргах шийдвэрийг АНУ-ын Дээд шүүх дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-25 09:40:46

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 25 /DW/. Цагаачдыг гуравдагч орнууд руу албадан гаргах тухай шийдвэрийг түдгэлзүүлсэн Бостон хотын шүүхийн шийдвэрийг АНУ-ын Дээд шүүх мягмар гарагт хүчингүй болгожээ.


Дээд шүүхийн шийдвэрийн талаар АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас гаргасан мэдэгдэлд “Америкийн ард түмнийг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангахад чиглэсэн ялалт” хэмээн дүгнэсэн байна.


“Хэрвээ идэвхтэн-шүүгчдийн шийдвэрийг цуцлаагүй бол зэрлэг догшин авирлаж буй гадаадын иргэд, тэдний дотор алуурчид, хүүхэд хүчирхийлэгчид, хар тамхины наймаачид Америкийн гудамжуудаар чөлөөтэй зугаалах байлаа” гэж мэдэгдэлд дурджээ.  


Дээд шүүхийн шийдвэр гарснаар тус яамны ажилтнууд хууль ёсны эрхээ хэрэгжүүлж, “хүлээж авахад бэлэн байгаа улс орнууд” руу бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргах боломжтой болсныг мэдэгдэлд мөн дурдсан байна.


Өмнө нь Венесуэлийн 350 мянган цагаачид олгосон “түр хугацаанд хамгаалалтад авах хүмүүсийн статус”-ыг цуцлах тухай Д.Трампын засаг захиргааны шийдвэрийг 5 дугаар сарын 19-нд АНУ-ын Дээд шүүх дэмжсэн юм. Гэвч Сан-Францискогийн тойргийн шүүгч уг шийдвэрт хориг тавьжээ.  


Мөн Бостон хотын шүүхээс цагаачдыг Ливи, Сальвадор руу албадан гаргах тухай Д.Трампын шийдвэрийг 5 дугаар сарын 17-нд түдгэлзүүлсэн байна. Үүний өмнөхөн хоёрдугаар сард Сальвадорын эрх баригчид албадан гаргаж буй цагаачдыг хүлээн авах, хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг тус улсын шоронд хориход бэлэн байгаагаа илэрхийлжээ.


Хууль бус цагаачидтай тэмцэх нь сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Трампын өгч байсан гол амлалтуудын нэг бөгөөд тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний жилдээ 1 сая цагаачийг АНУ-аас албадан гаргахаар төлөвлөжээ.


Үүний зэрэгцээ Цагаан ордноос “сайн дураараа гарч явах” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд хууль бусаар оршин сууж буй цагаачид эх орондоо сайн дураараа буцахдаа санхүүгийн тусламж авах ба цагаачлалын ба гаалийн албадтай ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр АНУ-аас гарч явах боломжтой.


Сайн дураараа буцахыг хүссэн цагаач бүр CBP Home гэдэг тусгай аппликейшнийг ашиглан 1000 долларын тэтгэлэг авна. Гэхдээ эх орондоо буцаж ирсэнийг нь баталгаажуулсны дараа уг мөнгийг олгох ажээ. Дотоодын аюулгүй байдлын яамны сайд Кристи Ноэм-ийн хэлснээр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цагаачдыг албадан гаргах зардал 70 хувиар хэмнэгдэнэ. Одоогийн байдлаар, хууль бус нэг цагаачийг баривчлах, хорих, албадан гаргах зардал 17 мянган долларт хүрчээ.  

 

Related news