Зээлжих зэрэглэл буурснаар гаднаас татах зээлийн хүү, нөхцөл чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-28 18:22:59

Монголын эдийн засаг удааширснаар зээл олгох зардал ихэсч, хугацаа хэтэрсэн зээлийн багц нэмэгдэж хүндрэл үүсч буйг зээлийн үнэлгээний агентлагууд онцолж байна.

Монгол Улсын зээлжих үнэлгээ буурсан нь банкуудын гадаад зах зээлийн эх үүсвэрийн зардлыг нэмэгдүүлэх улмаар дарамт үүсгэх эрсдэлтэй гэдэгт  эдийн засагчид санал нэгтэй байна.

Төгрөгийн ханш 2013 оноос эхлэн суларч эхэлсэн нь гадаадын банк санхүүгийн байгууллагаас авсан болон шинээр авах зээлийг  өртөг өндөртэй болгож буй аж.

Монгол Улсын зээлжих зэрэглэл ижил ангиллын орнуудаас 51 хувиар өндөр гарав

Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатаар бууруулж –B зэрэглэлд оруулсан. “Fitch” агентлагаас  эдийн засгийн хүндрэл, валютын нөөц, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт зэрэг шалтгаан зээлжих зэрэглэлийг бууруулахад хүргэсэн хэмээн мэдэгдлээ. Дээрх зэрэглэл нь Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө шууд болон шууд бусаар хүлээсэн өр төлбөрүүдээ богино хугацаанд барагдуулах, мөн төлбөрийн тэнцлийн дарамтад орохоос сэргийлэх чадвар сул байгааг илтгэж буй аж. 

Зээлжих зэрэглэлийн шалтгааныг тус агентлаг ийнхүү тайлбарлаж буй юм. Төсвийн зарцуулалт огцом нэмэгдэж алдагдал нь 2016 онд ДНБ-ийн 19.7 хувьд хүрэх төлөвтэй байна. Ингэхдээ төсвийн зарцуулалт дээр Хөгжлийн банкны зарцуулалтыг нэмж тооцжээ. Улмаар 2016 оны эцэст өр ДНБ-ийн харьцаа 84.3 хувьд хүрэх тооцоог гаргажээ. Энэ нь  ижил ангилалд багтаж буй орнуудын дунджаас 51 хувиар өндөр байгаа аж. Мөн тус агентлаг Монгол Улсыг  гадаад төлбөр, гүйцэтгэл, хөрвөх чадвараар сул байгааг онцлон Засгийн газар 2017-2018 онд ам.доллараар төлөх төлбөрийн хэмжээ 2 тэрбумд хүрэх төлөвтэй гэж үзжээ. Монгол улсын хувьд парламентад нэг нам олонхи болсон  нь улс төрийн тогвортой  орчин үүсэх төлөвтэй байгаагаа илэрхийлэн гадны зээл тусламж хэр орж ирэхийг ажиглаж буйгаа тайландаа дурдсан байна. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрах нь дангаараа эдийн засгийг сэргээж чадахгүй ч Дэлхийн банк, АХБ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилт орж ирэх бүрэн боломжтой хэмээн үзжээ. Харин Засгийн газарт эдийн засгийн шинэчлэл хийх хугацаа болоогүй ч дунд хугацаандаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх сорилттой тулгарна хэмээн дүгнэлээ. “Fitch” агентлагийн тооцоолсноор Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ирэх зургаан жилд 6 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой. Гэхдээ үүний 30-40 хувь нь импортын тоног төхөөрөмж зарцуулахад зориулагдах төлөв бий хэмээн тооцоолсон байна. Цаашлаад Монгол Улсын эдийн засгийг дэмжих гол хөшүүрэг нь Тавантолгойн орд үүнийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хэмээн тодотгов. Мөн эдийн засгийг дэмжих гол хөшүүрэг  нүүрсний экспорт гэдгийг тооцоолсон байна. Дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш өнгөрсөн 5 дугаар  сараас хойш өсөөд байгаа нь эерэгээр нөлөөлнө гэж дүгнэжээ. Үүний илрэл нь  “Энержи ресурс” компани боомтын нүүрсний үнээ 115 ам.долларт хүргэж гэрээ байгуулсан явдал юм. 

                 “Moody's” агентлаг 7 банкны зэрэглэлийг бууруулав

Харин “Moody's” агентлаг Монгол Улсын B3 зээлжих зэрэглэлийг бууруулж, CAA1, тогтвортой хэмээн үнэлсэн юм. Ингэснээр Монголын 7 банкны зээлжих зэрэглэл буураад байна. Дээрх банкуудад Богд, Капитал, Голомт, ХААН, Төрийн банк, ХХБ, Хасбанк гээд манай томоохон банкууд орлоо. Тус агентлагийн зүгээс Монголын Арилжааны банкуудын бизнесийн үйл ажиллагаа олон улсад төрөлжөөгүйгээс үүдэн эдийн засгийн хямралд савлах хандлагатай хэмээн үзэж, зэрэглэлийг нь бууруулснаа онцолж байна. Тодруулбал дээрх банкууд  "VERY HIGH CREDIT RISK" буюу маш өндөр эрсдэлтэй гэсэн ангилалд багтжээ.

Мөн тус агентлаг ирэх хоёр жилд Монгол Улсын Засгийн газар өр төлж чадах, эсэх нь тодорхой биш гэсэн дүгнэлт хийлээ. Улмаар төсвийн алдагдал өндөр хувьтай  байхаас гадна эдийн засгийн өсөлт сааралттай хэвээр байх төлөвтэй хэмээн дурджээ. Монгол Улс 2017 онд өрөндөө ДНБ-ий 7.5 хувьтай тэнцэх хэмжээний ам.доллар төлнө. Алдагдлыг санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын өр нэмэгдэж, гадаад валютын нөөц өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 7 жилийн хамгийн доод түвшин хэмээн “Moody's”  онцоллоо.

Зээлжих зэрэглэл буурснаар  эдийн засагт сөрөг үр дагавар гарна

Дэлхийд  "Standard and Poor’s”, "Fitch”, "Moodys” агентлагууд зээлжих зэрэглэлийг тогтоож буй юм. Зээлжих зэрэглэл буурснаар Монгол Улсад ямар үр дүн гарах вэ гэдэгт эдийн засагчид ийнхүү тайлбар өгч байна. "Fitch”,  "Moodys” агентлагаас гаргасан манай улстай холбоотой  дүгнэлтүүд эдийн засагт сөрөг дүр зураг авч ирэх магадлал үүсгэлээ. Ингэснээр гадаад зах зээлээс татах зээлийн хүү, нөхцөл улам чангарна. Түүнчлэн Олон улсын санхүүгийн хуулиар зээлжих зэрэглэлийн түвшингээр зээлийн хүүг тогтоодог. Зээлжих зэрэглэлийн түвшин доогуур байгаа манай улсын хувьд хүү нь өндөр тогтоно. Улмаар  зээлжих зэрэглэл буурснаас үүдэлтэй  өндөр хүүтэй зээл орж ирэх нөхцөл үүснэ гэдгийг эдийн засагчид онцолж байна.

Харин зээлжих зэрэглэл сайн байх нь хүү багатай мөнгө орж ирэх,  зээлийн хүү нэг оронтой тоонд байх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд тодотгосон юм.

 Б.Заяа

Related news