Улзын эхээр оршин суугчид “Дасан зохицох” аргад суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-16 12:22:19

“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн мэргэжилтнүүд болон орон нутгийн зохицуулагчид туршлага солилцох, ажлаа танилцуулах аяллын талаар цуврал сурвалжлагаа толилуулж байна.

Энэ удаа Хэнтий аймгийн Батноров, Норовлин, Баян-Адарга суманд хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилтийн явцыг сонирхуулъя. Энэ сарын 6-ны өдөр Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч болон НҮБХХ-ийн суурин төлөөлөгч Биати Транкман болон тус төслийн багийн төлөөлөгчдөд Норовлин сумын Засаг дарга П.Алтангэрэл тэргүүтэй нутгийнхан тарвага нутагшуулсан газар нутгаа сонирхуулсан юм.

Норовлин сумын “Нарстай” бүлгийн ахлагч Ж.Энхбат “бид тарвага нутагшуулах ажлыг энэ жилийн долдугаар сард эхэлсэн бөгөөд 10 бүл 30 тарвагыг “Хар өндөр” хэмээх ууланд авчирч нутагшуулсан. Манай бүлгийн гишүүд болон энэ нутгийнхан одоо байнга л нутагшуулсан тарвагаа харж, ажиглаж, сардаа нэг удаа тоолж байдаг. Тарвага хавар төллөдөг амьтан. Энд 9 мөндөл 4 бурхи байгаа. Зэргэлдээх сумаас  энэ нутагт суурьшсан юм. Дахин тарвагатай болж байгаа энэ газрыг тусгай хамгаалалтад авсан талаар багийн хурлаар хүмүүс мэдээлэл авсан болохоор энэ хавиар нутаглаж байгаа хүн бүр л мэддэг, хамгаалдаг болсон. Өмнө нь энэ нутагт маш их тарвага байсан. Энд манай бүлгийн 8 өрх айл бий, тэд бүгд л харж, хамгаалдаг. Хар өндөр уулын зүүн талаар бидний авчирсан 30 тарвага суурьшин нутаглаад байна хэмээн ярьсан юм.

Энэ үеэр орон нутгаар зочилж байгаа НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч, хатагтай Биата Транкманд унага тамгалах зан үйлийг сонирхуулж, нутгийн иргэдээс морь бэлэглэсэн юм.

Бид эндээс Норовлин сумын төвд очиход Засаг дарга П.Алтангэрэл сумынхаа “Шихихутаг” хэмээх хүндэтгэлийн өргөөндөө хүлээн авч нутаг орноо товч танилцуулав. Тэрбээр, “Хэнтий аймгийн Норовлин сум нь 533 мянган га талбай нутаг дэвсгэртэй. Гурван голын сав газарт харъяалагддаг урд хэсгээр Хэрлэн гол, дунд хэсгээр Улзын гол, хойд хэсгээр Онон гол урсаж байна. Газар зүйн онцлогийн хувьд хойноосоо урагшаа 120 км, баруунаас зүүн тийш 50-65 км, Бүс нутгийн хувьд хойд тал нь ойт хээр, өмнөд хэсгээрээ тал хээрийн бүсэд хамаардаг болохоор ган зуд болох нь ховор. Өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдсан. Хадлан бэлчээр хангалттай, байгалийн хадлан 120-130 мянган тонныг бэлтгэж аваад байна” хэмээн онцолсон юм.
Улз голын сав газрын эх нь болох энэ нутагт “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд ямар ажил хэрэгжүүлж байгаа талаар  Батноров, Норовлин, Баян-Адарга сумыг хариуцан ажиллаж байгаа зохицуулагч Г.Нарантуяагаас тодруулсан юм.

“Норовлин суманд 2014 онд газар тариалангийн загвар талбай байгуулсан. Анх удаа орон нутагт усалгаатай хүлэмжийн аж ахуйг эрхэлж гүзээлзгэнийн 600 суулгац ургуулаад 1300 болгож өсгөөд байгаа. Батноров суманд шахмал түлшний цех байгуулж ажилласны үр дүнд ой модны хэрэглээ маш ихээр хэмнэгдсэн. Баян-Адарга суманд өнгөрсөн хавар мод үржүүлгийн талбай байгуулж 2000 суулгац ургуулж байгаа зэрэг манай төслүүд амжилттай хэрэгжиж эхлээд байна. Өнөө маргаашгүй Батноров сумын нутагт Улз голын эхийг хамгаалж хашаа барихаар бэлтгэл ажлаа хангаад байгаа” хэмээн ярив.
Манай аяллын баг газар дээр нь очиж төсөлд хамарсан нөхөрлөл, бүлгийн хийж бүтээсэн зүйлтэй танилцахад үнэхээр тодорхой үр дүнгээ өгсөн нь харагдаж байв.

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Үржих” бүлгийн ахлагч Б.Андуутай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр, "Манай бүлэг 5 өрхийн 6 гишүүнтэй, залуучууд, хүүхдүүдээ оруулаад 17-18 хүн ажиллаж байна. Бүлгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь сумандаа мод үржүүлгийн жишиг талбай байгуулах юм. Тэгээд бид НҮБХХ-ийн Улз голын сав газарт хэрэгжүүлж байгаа энэ төсөлд хүсэлт гаргаад 6 сая 200 мянган төгрөгийн тоног төхөөрөмж авч үйл ажиллагаа явуулсан. Энэ жил 0,05 га газарт нарс, шинэсний үр, салхинаас хамгаалах гоёл чимэглэлийн бут зэрэг 2000 орчим модны үр суулгаж ургуулаад, намрын тооллогоор 800 шахам гаруй мод, бут ургажээ. Газрын дээр байрласан болохоор голоос ус татах усалгааны асуудал хүндхэн байлаа. Жаахан оройтож долдугаар сард усалгааны асуудлаа шийдвэрлэсэн. Дараа жил илүү сайхан болно гэж бодож байна. Үрслэгээний хувьд тун дажгүй. Яг л стандартын дагуу ургалаа. Харин энэ хүлэмжийг өнгөрсөн 6 дугаар сард барьж 4 төрлийн хүнсний нарийн ногоо тариалсан. Анх удаагийн ургац гэхэд 400 орчим кг ургац авлаа. Бидний хувьд хийх санаа зорилго байвч санхүүгийн асуудал хүнд байсныг энэ төслийн ачаар шаардлагатай тоног төхөөрөмжтэй болж үйл ажиллагаа явуулж эхэллээ. Одоо бидэнд хийж, хэрэгжүүлэх л зорилго үлдлээ. Дараа жил мод үржүүлгийн ажилд их анхаарч ажиллана. Бүлгийн гишүүдийн дундын санд 500 мянга орчим төгрөг үлдлээ. Энэ өвөл үрний боргоцой түүж авна. Мөн 5-6 кг үр байгаа. Манай бүлэг үйл ажиллагаагаа ирэх жилээс улам эрчимжүүлэх боломж бүрдлээ. Ер нь үр болгон ургадаггүй юм байна. Үрний чанарт их анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Бид энэ өвөл үрээ лабораторид шинжлүүлнэ. Төслийнхөө гол зорилго болох сурсан мэдсэн арга туршлагаа түгээн дэлгэрүүлэхэд анхаарч, арга технологио сумынхаа олон хүнд зааж сургана гэж төлөвлөж байна” хэмээн урам зориг дүүрэн ярьж байв.

Улз голын эх нь оршдог тус нутагт төслийн хэрэгжилт ямар байгааг бид газар дээр очиж ийнхүү танилцлаа. Нүдэнд харагдах бодитой ажлуудыг хийж бүтээсэн нь илхэн байв. Харин энэ сурсан мэдсэнээ нутгийн зон олондоо түгээн дэлгэрүүлж, арга технологийг нь судалгааны үндсэн дээр шинжлэх ухаанчаар уур амьсгал, байгальд ээлтэйгээр дасан зохицуулж нутагшуулах нь энэ төслийн хамгаас чухал зорилт юм. Үргэлжлэл бий.

Д.Өлзий

 

Related news