Э.Бат-Үүл: Огцруулах үндэслэл санаанд багтамгүй гүжирдлэг учраас шүүхэд хандана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-16 15:06:53

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл  МАН-ын бүлгээс гаргасан огцруулах үндэслэл санаанд багтамгүй гүжирдлэг хэмээн мэдэгдлээ.

Тэрээр  ярихдаа “МАН-ын бүлэг НИТХ-д өргөн барьсан огцруулах үндэслэл нь гүжирдлэгийн шинжтэй кампанит ажил гэж дүгнэж байна. Энэ гүтгэлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан онц хүнд гэмт хэрэгтэй холбогдуулж гүтгэж байна. МАН-ын бүлгийн дарга  Д.Амарбаясгалан хотын дарга 410 тэрбум төгрөгөөр  гараа угаасан хэмээн ярилцлага өгчээ. Тэрээр асар их хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан гэсэн утга бүхий  ярилцлагадаа Э. Бат-Үүл  хүүгийнхээ компанийг нууж хууль бусаар 5,1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялуулсан гэжээ. Энэ мэтчилэн их хэмжээний мөнгийг албан тушаалаа гуйвуулан завшсан тухай гүтгэлгийг тарааж байна. Намайг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу холбогдох хууль, хяналтын байгууллагад гомдол гаргаж шалгуулахаа мэдэгдье. Түүнчлэн гүтгэлгийн шинжтэй мэдээллээс болж  надад болон миний гэр бүлд эдийн бус хохирол учруулсан учраас  шүүхэд  мөнгөн хэлбэрийн нэхэмжлэл гаргана” гэв.

Б.Заяа

Related news