Яруу найрагчдыг дурсах өдөр болговол яасан юм бэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
batsaikhan@montsame.mn
2017-02-10 15:01:45

Өнөөдөр дурсахаас аргагүй хоёр яруу найрагчийн төрсөн өдөр тохиож байна. Яах аргагүй  Монголын шинэ үеийн яруу найргийн  сод төлөөлөл болсон хоёр их хүмүний төрсөн  өдрийг дурсан үгүйлэхээс аргагүй гэрэлтэй өдөр юм байна!

Хэнийх нь ч нэрийг хэлэхэд мэдэхгүй хүн байхгүй ээ..

Хэзээ чиг ярихад мэдэмхийрэх арга байхгүй ээ...

Шүлэгч нь мөнх бус ч
Шүлэг нь мөнхөрдөг болохоор
Эр бие нь үгүй чиг
нэр нь үлддэг юм болохоор

РИНЧИНИЙ ЧОЙНОМ! гэхэд
Эх орон даяараа уулга алднам!
ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР гэхэд
Орон гүрнээрээ дуу алднам...!

Энэ хоёр хүнийг би " бусдаас илүү" танина гээд нэг аархчихдаг юм уу...?
Ямартай ч нэг их " худлаа залснаас" дээр байх аа...?

Ринчиний Чойном гуайтай эчнээ л танилцаад "хориотой", хураатай-ураатай" бүтээлийг нь нууж хааж уншсаар, улам хорхойсон уран яруу найраг руу шүлэнгэтсээр хотод оюутан болж ирээд " Чойном энд явна...тэнд явна" гэсэн цуу үг сонсовч ганц удаа ч барааг нь харалгүй алдчихсан даа!
Харин номын сан руу шургах болгондоо хэвлэгдсэн хэдэн номыг нь мөн ч их ноолсон доо...! Намжимын Очирбат найрагчаас зарим " үнэн"-ийг сонсож, зарим гар бичмэлийг нь үзсэн...агуу авьяасыг бишрэн хүндэлж явсаар...харин өдгөө ил, далд олон бүтээлтэй нь танилцсаар явна даа..." Өд" санг санаачилсан Ганболд маань Чойном найрагчийн номон суваргуудыг ч сайхан бүтээсээр буйд баярланам!
Үзэж хараагүй ч, үнэлж биширсээр Чойном найрагчийн сүнсэнд зориулсан хэд хэдэн шүлэг бичсэн дээ...заримыг нь Ганболд дүү эмхэтгэл номонд оруулья л гэсэн ...заримыг өөрийн шинэ " НАЙЗУУД -ДАЙСНУУД" номондоо хийхээр бэлдээд сууж байна...би ЧОЙНОМ найрагчтай ийм л танил...

Харин ОЧИРБАТЫН ДАШБАЛБАРТАЙ бол наана, цаана, ана мана...явлаа...!
1982 оны өвөл л анх танилцсан даа...Мэнд-Ооёо ахынд бил үү...? Горькийд суралцахаар явлаа гэж байл уу даа...1983 оны өвлийн амралтаар ирсэн байхад нь баахан дагаж харайсаан...Соёмбо зурсан МУУГЗ, зураач Ойдовын урланд нийлээд шүлгий нь их сонссоон...Тэр үед Мэнд-Ооёо ах, Гүрбазар ах, Чинзориг...тэргүүтэн ид цоорч байлаа даа...Зохиолчдын хорооны " Нээлттэй хаалга"-ны өдрөөр ч томчуулын өмнө өвдөг чичиргэн шүлгээ шүүслүүлнэ шүү дээ!

Яруу найрагч яаж гялалзаж өнгө орж болдгийг тэгэхэд л Дашбалбараас харсан санагддагийм!
Түүнээс хойш энэ найрагчтай боломж гарвал уулзаж, найргийн тэнгэрт түүчээлэн нисдэг болсон доо!
Горький төгсч ирээд " Утга зохиол урлаг" сонинд ажилладаг болсон...томчуултай ч зоригтой үзэлцдэг...залуусаа өмөөрөн тулдаг байж билээ!
Би ч 1984 онд төгсөөд арын хангайн сонин руугаа явлаа...хотод таараад уулзаад ууж иднээ...нэгэн удаа 1986 онд байна уу...миний хоёр шүлгийг Балбар маань " Утга зохиол урлаг" сонинд тавьчихаж...баярласан гэдэг жигтэйхэн...хэл чимээ ч дуулгалгүй тавьчихсан нь одоогийнхоор жинхэнэ "сюрприз" байв!

Хотод ирээд уулзвал " За дүү минь яг л энэ хоёр шүлэг шигээ шүлэг бичээрэй...чиний өнгө донж яг энэ шүлгүүдэд чинь байна шүү!" гэсэн урам хайрлаж билээ.Түүний нэг нь энэ байна...

ХЭН НЭГ НЬ НАМАЙГ ҮГҮЙЛЭЭСЭЙ

Намайг хэн нэг нь үгүйлдэг байгаасай
Найдаж итгэсэн үгээ хэлэх гэж ирдэг байгаасай
Цаг мөч бүхэнд хүмүүс намайг сурагладаг байгаасай
Чамайг хүн бүр сураглах юм гэж бусад нь төвөгшөөгөөсэй

Яаруу сандруу ажилтай үед ч гэлээ
Ямар нэг хэргээр уулзах гэж анд минь ирээсэй
Яруу сайхан сэтгэлийнхээ халуун үгийг
Янаг дотно хайрынхаа угаас хэлдэг байгаасай

Чадал хүчээр хомсхон ч гэлээ намайг
Чамлалгүй тоож ирээд маргаж муудалцдаг байгаасай
Төрийн сайд шиг асуудлыг мэдээд шийдчихгүй ч
Түмний үйл хэргийн төлөө би авьяасаа шавхнаа

Хэзээ ч гэсэн намайг хэн нэгэн сураглаж
Хээ хаургүй гэрийн хаалгыг тогшилгүй орж ирээсэй
Хэргэм зэргээр дугаарлан ялгаж алаглахгүйгээр
Хэрэгтэй цаг бүхэндээ хүмүүс намайг үгүйлээсэй

Хүн арддаа хөөрхий би үгүйлэгдэж явбал
Хүү нь болж төрсөн аз заяандаа баярлана
Насан сэлгээнд одсон ч дурсан санацгааж
Намайг сурагласаар л байвал та нартаа баярлана би

1983 он...энэ шүлгийг тоож, үүний цаана миний өнгө донжийг олж харсан нь Дашбалбарын маань билгийн мэлмий буюу...!
Нэг хэсэг энэ шүлгээ би их уншсаан...1989 оны намар " Монголын залуучууд" сонинд Дашбалбар, Гүрбазар, сонины ерөнхий эрхлэгч С.Батмөнх...бидэн хэд нэг шөнөжин архидан шүлэгдлээ...тэгэхэд Балбар маань " Амьддаа бие биеэн хайрла , Гүрбазар " Хоршоо Дэрмээ", С.Батмөнх " Гурван буудал", бибээр " Хэн нэгэн намайг үгүйлээсэй"-гээ уншин " Болор цом"-д орноо гэж аархацгааж байсансан...тэр үеийн шүлгээ хуурцганд бичиж байсан санагдана...хуурцаг нь олдвол ориг дуу хоолойгоороо байх учиртай!
Өдгөө энэ найрагчид хаа, ямархан орон зайд явааг хэлэх юусан билээ?

Мөн Балбараа дэмжээд Чөлөө зохиолчдын холбоо байгуулахад сэтгэл зүрхээ дамжлаад л гүйж явлаа!
МЧЗХ-ны анхны даргаар Ш.Гаадамба гуайгаа залж, зохиолчид хоёр хуваагдахад бивээр төвийг нь сахьсан бөгөөд " Монголын залуучууд" сониндоо МЗЭ-ийн дарга Д.Маам, МЧЗХ-ны дарга Ш.Гаадамба нарын халз ярилцлагыг хийж нүүр дүүрэн нийтэлж байв...Одоо тэр сонины хуудаснаа буй...!
Мөн Балбараа дагаад хааяа томчуулынхаар хэснэ.Хотын дарга Л.Энэбиш гуайнхаар үдэш шөнө ч орж архи тууна...Энэбиш гуай их гүдэс, шүлгэнд дуртай сайхан хүн байсансан!
Мөн Сүхбаатар аймгийн дарга байсан АИХ-ын дарга асан Гомбожав гуайнд ч орноо....!
Мөнөөх Ромбу гарагтай холбоо баригч ( " Монголын залуучууд" сониноос Батхүү бид хоёр Ромбу гарагтай холбоо баригчтай хамтран ажиллахаар томилогдож байсан сонин түүх ч бий...энэ тухай жич яринаа) Ерөнхийлөгчийн үзмэрч Дашцэрэн гуайнд бас их хөглөрцгөөнө...хөлөрцгөөнө...хөгжилдөцгөөнө!
Энэ мэт гоё түүх паян ч бий шүү....Харин одоо Эрдэнэтэд Дашбалбарын нэрэмжит " Тусгаар тогтнол" яруу найргийн наадам санаачлан хийх гэж буй яруу найрагч Н.Батсуурь болон эрдэнэтчүүддээ баярлаж байнам!

Эрхэм нөхрийн 60 насны сүнс баярлах болтугай!
Эрхэм найрагч
Эх оронч хүү
Дашбалбарын сүнс
Дандаа Монголоо тойрноо...!

Монголын хосгүй сод найрагч Ринчиний Чойном, Очирбатын Дашбалбар нарын минь шүлэг мөнхөд дуурсах учиртай!

Энэ өдрийг ер нь ЯРУУ НАЙРАГЧДЫН ӨДӨР болговол яасан юм бэ?

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Жигмэдийн Батсайхан

Related news