“Tesla” компани үнэт цаасны зах зээлийн үнэлгээгээр “Ford”-ыг гүйцэж түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-04-04 10:39:38

ЛОНДОН./BBC/. Америкийн автомашин үйлдвэрлэгч "Tesla" компанийн хувьцааны ханш 7,27 хувиар өссөнөөр зах зээлийн үнэлгээгээрээ "Ford" автоконцерныг гүйцэж түрүүллээ. Даваа гарагт Нью-Йоркийн хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед "Tesla"-гийн хувьцааны нийт үнэлгээ 49 тэрбум доллар болсон бол Ford автоконцерных 46 тэрбум доллар байжээ.

Энэ оны эхний улиралд автомашины нийлүүлэлт дээд хэмжээндээ хүрсэн тухай "Tesla" компани мэдэгдсэний дараа тус компанийн хувьцаа өссөн байна.

Энэ хугацаанд тус компани 25 мянга гаруй цахилгаан машин нийлүүлсэн нь өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад даруй 70 хувиар их байгаа юм. Өнгөрсөн онд "Tesla" компани 76 мянган цахилгаан машин зах зээлд нийлүүлжээ.

Харин “Ford” өнгөрсөн оны дүнгээр 6,7 сая орчим машин борлуулсан байна.

Энэ онд “Tesla” компани "Модел 3" гэдэг хэмнэлттэй машиныг АНУ-д борлуулж эхлэхээр бэлтгэж байгаа бөгөөд эрэлт ихтэй байх болно гэж тооцоолж байгаа аж.

“Таван жилийн өмнө “Tesla”-г хэн ч мэддэггүй байсан бол өнөөдөр хүмүүс "Tesla"-г хүсдэг болсон. Хамгийн их хүлээлт үүсгэсэн машины тал дээр тус компани BMW-г гүйцэж түрүүллээ” гэж технологийн шинжээч Бен Калло дүгнэлээ.

Түүний хэлснээр, Тесла-г үндэслэн байгуулагч бөгөөд захирал нь болох Илон Маскийн дайчин чанар нь авьяас чадвартай ажилтнууд болон хөрөнгө оруулагчдыг татсаар байна.

“Tesla” компани 2003 онд байгуулагдсан бөгөөд цахилгаан машины үйлдвэрлэлээр дагнах болсон юм. Мөн тус компани нарны зай хураагуур болон бусад төрлийн эрчим хүч хуримтлуулах системүүдийг үйлдвэрлэдэг.

О.Барс

 

 

Related news