С.Лавровын Абхазад хийх айлчлалтай холбогдуулан Гүржийн ГХЯ мэдэгдэл гаргав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-04-18 17:13:06
ТБИЛИСИ./TASS/. Гүрж улсын Ерөнхий сайдын ОХУ-тай харилцах харилцааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Зураб Абашизе мэдэгдэхдээ “Оросын Гадаад хэргийн сайдын Сухумид хийх гэж буй айлчлал нь Гүрж улсын бүрэн эрхт байдлыг зөрчиж байна” гэлээ.

Энэ талаар Гүржийн Гадаад хэргийн дэд сайд Давид Жалагания мэдэгдэл хийж “Сергей Лавровын энэхүү айлчлал нь олон улсын хууль, зарчмуудыг үл тоомсорлосон хэрэг мөн” гэж тодорхойлсон байна.

Гүржийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Абхазын бүс нутагт ирж байгаа явдал нь Гүрж улсын хилийг зөрчиж байгаа хэрэг бөгөөд Сухуми хотод Оросын дипломат төлөөлөгчийн газрын шинэ байрыг нээж байгаа нь манай улсы бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүдүүлгээр зөрчиж буй хэрэг” гэж дурджээ. 

Мэдэгдэлд цааш нь дурдахдаа “иймэрхүү үйлдэл нь Гүржийн эсрэг чиглэсэн Москвагийн өдөөн хатгах бодлогын үргэлжлэл бөгөөд энэ нь бүрэн эрхт улсын хил хязгаарыг хүчээр өөрчлөх явдлыг хууль ёсных болгох гэсэн зорилготой” гэсэн байна.

Гүржийн Гадаад хэргийн яам Оросын талд хандан “2008 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн гал зогсоох тухай хэлэлцээрийг сахин мөрдөх”-ийг уриалжээ.


Х.Сарнай
 
Related news