24 цагт 240 км дугуйгаар аялж өөрийгөө сорих боломж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-31 08:02:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо МB /Mongolian Bike/, “Мэрида Улаанбаатар” клубын санаачлагаар 24 цагт 240 км замыг тойрох “UB240” аяллыг жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулахаар болжээ.

Энэхүү аялал нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын дугуйн холбоотой хамтран нийслэл Улаанбаатар хотоо унадаг дугуйгаар дамжуулан сурталчлан таниулах зорилготой юм.



Энэ жил 6 дугаар сарын 03-ны бямба гарагийн өглөөний 06 цагт эхэлж, 6 дугаар сарын 04-ний өглөө 06 цагт барианд орно. Аялалд 3 болон түүнээс дээш хүний бүрэлдхүүнтэй баг оролцож болно. Бүтэн нэг хоног үргэлжлэх уг аялал нь таны тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварыг сорино гэдгээрээ их сонирхолтой аялал байх юм. Аялал нь 6 үе шатнаас бүрдэх бөгөөд аль ч үе шатнаас оролцож болно. 



Бүх оролцсон хүмүүстэй явсан км-ээр нь “Аяллын гэрчилгээ” олгох бөгөөд аяллын заасан хугацаанаас өмнө бариандаа орсон багт “FINISH” медаль гардуулна. Аяллын маршрут өртөөлөн явах зарчмаар 6 цэг байрлах бөгөөд аль нэг цэгт бүртгүүлж дундаас нь оролцох боломжтой. Аяллын нэг цэг дээр эмч, бүртгэгч, жолооч тус тус байрлана. Харин нэг оролцогч 10 мянган төгрөгийн бүртгэлийн хураамжтай бөгөөд багт хантааз, нэгдсэн аяллын дугаартай байна.

Д.Өлзий
Related news