МУИС, Засгийн газрын агентлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2017-09-04 16:31:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсын Их сургууль, Архивын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газар гэсэн Засгийн газрын агентлагуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

МУИС-ийн дугуй зааланд болсон Хамтран ажиллах гэрээ байгуулах хүндэтгэлийн ёслолд дээр дурдсан агентлагуудын дарга болон удирдах албаны хүмүүс, МУИС-ийн талаас тус сургуулийн захирал Я.Төмөрбаатар, Захиргаа, дотоод хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ч.Ундрам нар оролцож уг гэрээг үзэглэсэн юм.

Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага, эрдэм оюуны их өргөө- Монгол Улсын Их сургуулийн түүхт 75 жилийн ой энэ жил тохиож, 75 дахь шинэ хичээлийн жилийн хонх цангинасан энэ өдөр МУИС, Монгол Улсын Засгийн газрын агентлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол болж байгаа нь онцгой үйл явдал байв. Орчин үеийн их сургуулиуд сургал, эрдэм шинжилгээний ажлаа явуулахын зэрэгцээ дотоод, гадаад хамтын ажиллагаа нийгэм эдийн засгийн бүхий л хүрээг хамран өргөжиж буй нь нийгэмд гүйцэтгэх үүрэг үндсэндээ өөрчлөгдөж байгаагийг илэрхийлэл юм. Мөн эдийн засгийн найдвартай хөгжлийн баттай үндэс нь “Засгийн газар-Их сургууль”-ийн хамтын ажиллагааны загвар болж байна.

Иймд МУИС, Засгийн газрын яамд, агентлагууд, аймгуудтай хамтран ажиллах гэрээг ийнхүү байгуулж байна. Энэхүү гэрээнд талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа, шинжилгээний ажил хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтаны чадавхийг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, мэдлэг, инноваци, өндөр технологид суурилсан сургалтад хамруулахаар тусгажээ. Мөн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэ, суралцагчдын практик сургал, судалгааны ажлын орчин бүрдүүлэх, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах асуудлууд ч багтжээ.

Дашрамд дуулгахад, МУИС-ийг өнгөрсөн 75 жилд 200 мянга гаруй хүн төгссөн байна. Энэ сургуулийн 75 жилийн түүхт ойг 2017 оны 10 дугаар сарын 5-6-нд албан ёсоор тэмдэглэх бөгөөд энэ өдөр МУИС-ийн цахим номын сангийн нээлт болох юм. Орчин үеийн Цахим номын санг тус сургууль 16 тэрбум төгрөгийн хөрөнгөөр босгосны 14 тэрбум нь өөрийн хөрөнгө юм. Дор хаяж 500 мянган номтой уг цахим номын сангийн дэргэд МУИС-ийн 29 тэргүүлэх лаборатори байрлана. МОНЦАМЭ агентлаг нь МУИС-тай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байгаа билээ.

 
Д.Өлзий   
Related news